Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 3 of 3
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Ходоодны булчирхайлаг эсийн хавдрын оношилгоонд ялтас, түүний нэмэлт үзүүлэлтүүдийн ач холбогдлыг судалсан дүн
    (2021-03-13)
    Ц. Цэнджав
    ;
    ;
    Ходоодны хавдрын (ХХ) өвчлөл болон нас баралтаар монгол улс дэлхийд тэргүүлсээр байна. ХХ-ыг лабораторийн болон багажийн шинжилгээний тусламжтайгаар оношилдог. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ (ЦДШ)-ний ялтас, түүний нэмэлт үзүүлэлтүүдийн өөрчлөлтүүдийг үнэлснээр хавдрыг эрт үед нь оношлох боломжтой гэж судлаачид тэмдэглэсэн. Бид ходоодны булчирхайлаг эсийн хавдартай (ХБЭХ) үйлчлүүлэгчдийн ЦДШ-нд илрэх ялтас, түүний нэмэлт үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг үнэлж, оношилгооны ач холбогдлыг судалсан. Судалгаанд ХБЭХ оношлогдсон 29-75 насны 112 хүн, эрүүл бүлгийн 21-69 насны 98 хүн хамрагдсан бөгөөд дундаж нас өвчтэй бүлэгт-52.7±11, хяналтын бүлэгт-44.6±12, хүйсийн хувьд 68.8% нь эрэгтэйчүүд байв. Хавдартай бүлгийг эрүүл бүлэгтэй харьцуулан судлахад ялтсын тоо (PLT) хавдартай бүлэгт ихэсч (p<0.001) байсан бол ялтсын дундаж эзэлхүүн (MPV) хавдартай бүлэгт буурч байв (p<0.001). MPV-ийн лавламж хэмжээний байж болох утгыг тодорхойлж, ЦДШний бусад үзүүлэлтүүдтэй уялдуулан судлахад MPV нь ялтастай (p=0.04), ялтсын эзлэх хувьтай (p=0.03), ялтсын тархалтын өргөнтэй (p=0.001) статистик ач холбогдол бүхий хамааралтай байв. Хавдрын маркерийн мэдрэг болон өвөрмөц чанарыг тодорхойлон үзэхэд СА72-4 27.6%, 18.5%, (AUC=0.54), CEA19%, 20.4%, (AUC=0.49) байсан бол СА19-9 12.1%, 1.9%, (AUC=0.53) байв. Хавдрын маркеруудыг MPV-тэй уялдуулан судлахад статистик ач холбогдол бүхий (p<0.01) хамааралтай байлаа. Нийт өвчтөнүүдийн 66.9% нь хожуу үедээ оношилогдсон ба 83.5% нь эсийн ялгарал муу байв. Эсийн ялгарлын өөрчлөлтийг MPVтэй уялдуулан судлахад ялгарал дунд болон муу үед PLT-ийн тоо өсч (p<0.001), MPV буурч байлаа (p<0.001). Дээрх үр дүнгээс харахад захын цусан дахь ялтас, түүний нэмэлт үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг үнэлж, хавдрын бусад шинжилгээний үзүүлэлтүүдтэй уялдуулан дүгнэх нь ходоодны хавдрыг эрт үед нь оношлох боломжыг бүрдүүлж байгаа юм.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Ходоодны хорт хавдрын үед ийлдсэнд пепсиногенийг тодорхойлсон дүн
    (2020-05-01)
    А.Дашмаа
    ;
    Л.Тулгаа
    ;
    Д.Ганчимэг
    ;
    Б.Батболд
    ;
    Г.Сэржбаяр
    үндэслэл: Монгол улс дэлхийн хэмжээнд ходоодны хорт хавдрын нас баралтын түвшингээр хамгийн өндөр байна. Ходоодны хавдрыг эрт илрүүлж эмчлэх нь ходоодны хавдрын нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Иймээс ходоодны хавдрыг эрт үед нь оношлох чадвартай, хүн амын дунд эрт илрүүлэг хийхэд тохиромжтой, хялбар оношилгооны арга шаардлагатай байна. Зорилго: Ходоодны хорт хавдартай өвчтөнүүдийн ийлдсэнд пепсиноген I, II, пепсиноген I/II маркеруудыг үнэлэх. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгааг тохиолдол хяналтын судалгааны загварыг ашиглан 2019-2020 оны хооронд Анагаах ухааны хүрээлэн (АУХ)-ийн Хавдар судлалын сектор болон Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийг түшиглэн хийж гүйцэтгэсэн. Судалгаанд хамрагдсан 2 бүлгийн ийлдсэнд ПГI, ПГII, ПГI/ II харьцааг тодорхойлох шинжилгээг фермент холбох урвал - ELISA (enzyme linked immunosorbent assay) аргаар АУХ-ийн Эрдэм шинжилгээний төв лабораторид Финлянд улсын BIOHIT HealthCare үйлдвэрийн GastroPanel Elisa Kit ашиглан цомог үйлдвэрлэгчийн заавар, удирдамжийн дагуу тодорхойлсон болно. үр дүн: Бидний судалгаанд нийт 25-87 насны 80 оролцогч хамрагдсан бөгөөд дундаж нас 61.21, стандарт хазайлт 13.75 байлаа. Судалгааны бүлгүүдийн шинжилгээний үзүүлэлтүүдийн дундаж нь PGI 78.76±60.56, PGII 17.45±13.14, PGI/II 5.28±4.18 байсан ба статистик ач холбогдлыг нарийвчлан үнэлэхийн тулд хэт өндөр хэлбэлзэл бүхий утгуудыг хасч тооцсон ба тохиолдлын бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулан үнэлэхэд PGI дундаж нь хавдартай бүлэгт 43.35±36.67 µg/l, эрүүл бүлэгт 68.11±35.39 µg/l байсан ба статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (p=0.009), PGII дундаж нь хавдартай бүлэгт 14.94±10.44 µg/l, эрүүл бүлэгт 13.29±5.98µg/l байсан ба ач холбогдол бүхий ялгаагүй (p=0.434), PGI/II харьцаа хавдартай бүлэгт 3.40±2.56, эрүүл бүлэгт 5.49±2.83 байсан ба статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (p=0.004) байна. Дүгнэлт: Ходоодны хорт хавдрын үед ийлдсийн PGI болон PGI/ II харьцаа буурч байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Ходоодны хорт хавдар болон ийлдсийн пепсиногений хамаарал
    (2020-04-13)
    А.Дашмаа
    ;
    Л.Тулгаа
    ;
    Д.Ганчимэг
    ;
    М.Чинзориг
    ;
    Э.Эрхэмбаяр
    Монгол улс дэлхийд ходоодны хорт хавдрын нас баралтын түвшингээр хамгийн өндөр байна. Ходоодны хавдрыг эрт илрүүлж эмчлэх нь ходоодны хавдрын нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Иймээс ходоодны хавдрыг эрт үед нь оношлох чадвартай, хүн амын дунд эрт илрүүлэг хийхэд тохиромжтой, хялбар оношилгооны арга шаардлагатай байна. Зорилго: Ходоодны хорт хавдартай өвчтөнүүдийн ийлдсэнд пепсиноген I (ПГI), пепсиноген II (ПГII), пепсиноген I/II харьцаа (PGI/II) маркеруудыг үнэлэх. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгааг тохиолдол хяналтын судалгааны загварыг ашиглан 2019-2020 оны хооронд Анагаах ухааны хүрээлэн (АУХ)ийн Хавдар судлалын сектор болон Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийг түшиглэн хийж гүйцэтгэсэн. Судалгаанд хамрагдсан 2 бүлгийн ийлдсэнд ПГI, ПГII, ПГI/II харьцааг тодорхойлох шинжилгээг фермент холбох урвал-ELISA (enzyme linked immunosorbent assay) аргаар АУХ-ийн Эрдэм шинжилгээний төв лабораторид Финлянд улсын BIOHIT HealthCare үйлдвэрийн GastroPanel Elisa Kit цомог ашиглан Хятад улсын Biobase Biodustry үйлдвэрийн BIOBASE-EL10A reader төхөөрөмжөөр үйлдвэрлэгчийн заавар, удирдамжийн дагуу тодорхойлсон болно. Үр дүн: Бидний судалгаанд нийт 25-87 насны 82 оролцогч хамрагдсан бөгөөд дундаж нас 61.21, стандарт хазайлт 13.75 байлаа. Судалгааны бүлгүүдийн шинжилгээний үзүүлэлтүүдийн дундаж нь ПГI 78.76±60.56 нг/мл, ПГII 17.45±13.14 нг/мл, ПГI/II 5.28±4.18 байсан ба шинжилгээний үр дүнд боловсруулалт хийх зорилгоор хэт өндөр хэлбэлзэл бүхий утгуудыг хасч тооцоход тохиолдлын бүлэгт ПГI дундаж нь 43.35±36.67 нг/мл, хяналтын бүлэгт 68.11±35.39 нг/мл байсан ба статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (p=0.009), ПГII дундаж нь тохиолдлын бүлэгт 14.94±10.44 нг/мл, хяналтын бүлэгт 13.29±5.98 нг/мл байсан ба ач холбогдол бүхий ялгаагүй (p=0.434), ПГI/II харьцаа тохиолдлын бүлэгт 3.40±2.56, хяналтын бүлэгт 5.49±2.83 байсан ба статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (p=0.004) байна. Судалгаанд оролцогчдыг дундаж нас буюу 60-аас доош болон дээш гэж ангилан биомаркерын түвшинг үнэлэхэд PGI ба PGII түвшин <60 насанд 94.23±62.55 нг/мл, 21.47±16.03 нг/мл, >60 насанд 64.74±55.77 нг/мл, 13.79±8.49 нг/мл буюу нас ахих тусам PGI (p=0.027), PGII (p=0.007) түвшин статистикийн ач холбогдол бүхий ялгаатай буурч байна. Судалгаанд оролцогчдын ийлдсийн ПГI/II харьцаагаар бүлэглэн үнэлэхэд ийлдсийн ПГI (p=0.000) болон ПГI/II (p=0.000) харьцаа бүлэг хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаатай буурч байна. Судалгааны бүлгүүдэд ПГI, ПГII, ПГI/II түвшинг олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр харьцуулан судлахад ПГI ≤30нг/мл болон ПГI/II ≤4 багасах нь ходоодны хорт хавдартай статистик ач холбогдол бүхий хамааралтай байна(ПГI: OR=6.44, 95%CI 2.03-20.45, p=0.002; ПГI/II:OR=4.05, 95%CI 1.41-11.64, p=0.01). ПГI/II үзүүлэлтийн cut off хэмжээг 4 гэж үзэн мэдрэг, өвөрмөц чанарыг Youden-ий индексээр үнэлэхэд мэдрэг чанар 61%, өвөрмөц чанар 72.0% (PPV 67%, NPV 65%) байлаа. ПГI биомаркерын cut off хэмжээ 30 нг/мл, мэдрэг чанар 57%, өвөрмөц чанар 82% (PPV 72%, NPV 70%), ПГII биомаркерын cut off хэмжээ 14 нг/мл, мэдрэг чанар 50%, өвөрмөц чанар 58% (PPV 42%, NPV 65%) байна. Дүгнэлт: Ходоодны хорт хавдрын үед ийлдсийн ПГI түвшин болон ПГI/II харьцаа статистикийн ач холбогдол бүхий ялгаатай буурч байна. Ийлдсийн ПГ түвшин нас ахих тусам багасч байна. Ходоодны хавдрын үед ийлдсийн ПГII түвшингээс илүүтэй ПГI-н түвшин ач холбогдол өндөртэй байна. Ходоодны хорт хавдрыг оношлох cut off утга ПГI ≤30 нг/мл байхад мэдрэг чанар 57%, өвөрмөц чанар 82%, ПГI/II ≤4 байхад мэдрэг чанар 61%, өвөрмөц чанар 72.0% байна.