Loading...
Зүрхний цочмог шигдээстэй эмчлүүлэгчдийн өвчиндөө хандах хандлага, амьдралын чанар хоорондын хамаарлыг судалсан нь
Зохиогч
Б.Отгонболь
Ч.Энхтуул
Я.Энхжаргал
Он
2026 оны дөрөвдүгээр сарын 16
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
3
Start Page
157
End Page
165
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Зүрхний цочмог шигдээс (ЗЦШ)-ийн үед зөвхөн эмийн болон мэс заслын эмчилгээнээс гадна эмчлүүлэгчдийн өвчиндөө хандах хандлага, сэтгэлзүйн байдал, амьдралын хэв маяг, нийгмийн дэмжлэг зэрэг нь эмчилгээний үр дүн, амьдралын чанарт урт хугацаанд нөлөөлдөг болохыг олон судалгаанууд харуулж байна. Эмчлүүлэгчдийн өвчиндөө хандах хандлага нэмэгдэхийн хирээр нөхөн сэргэлтийн үйл явц хурдан явагдаж, амьдралын чанар сайжирдаг. Зорилго: Зүрхний цочмог шигдээстэй эмчлүүлэгчдийн өвчиндөө хандах хандлага болон амьдралын чанар хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Нэг агшингийн тоон судалгааны аргаар Улсын 2 ба 3-р эмнэлгүүдийг түшиглэн ЗЦШтэй 100 эмчлүүлэгчдийг хамруулсан. Судалгаанд Өвчиндөө хандах хандлагын стандарт асуумж (Illness Perception QuestionnaireRevised) болон ЗЦШ-ийн дараах амьдралын чанарын үнэлгээ (Myocardial Infarction Dimensional Assessment Scale)-ийг тус тус ашигласан. Үр дүн: Эмчлүүлэгчдийн дундаж нас 52.2±12.01 жил, 51% нь эрэгтэй, 49% нь эмэгтэй байв. Өвчиндөө хандах хандлагын асуумжийн дэд хэмжүүрүүдийн өвчний тодорхойлолт хэмжээсийн дундаж оноо 13.99±5.01 байсан бол өвчний төсөөлөл хамгийн өндөр буюу 19.10 ±3.18 харин хамгийн бага оноо нь өвчнийг ойлгож буй байдал 10.31±2.16 байсан. Амьдралын чанарын үнэлгээ 43.00±13.1 буюу дунд зэрэг байна. Өвчиндөө хандах хандлага зүрхний цочмог шигдээсийн дараах амьдралын чанарын үнэлгээ статистик ач холбогдол бүхий эерэг хамааралтай байсан. Регрессийн шинжилгээгээр өвчнийг ойлгож буй байдал, сэтгэл хөдлөлийн илэрхийлэл дэд бүлгийн дундаж оноо амьдралын чанарыг урьдчилан таамаглах хүчин зүйлс болсон бөгөөд эдгээр хэмжүүрийн өндөр оноотой эмчлүүлэгчдийн амьдралын чанар илүү өндөр байсан. Давтан шигдээстэй эмчлүүлэгчдийн өвчиндөө хандах хандлага t-3.809 (p=0.001), амьдралын чанар t-2.234 (p=0.029) байгаа нь өвчиндөө хандах хандлага буурах тусам амьдралын чанарыг статистик ач холбогдол бүхий үнэн магадтай бууруулж байв. Дүгнэлт: Зүрхний цочмог шигдээстэй эмчлүүлэгчдийн өвчиндөө хандах хандлага тэдний амьдралын чанарт статистик ач холбогдол бүхий эерэг хамааралтай байна. Зүрхний цочмог шигдээстэй эмчлүүлэгчдийн өвчнийг ойлгож буй байдал, өвчтөний сэтгэл хөдлөлийн илэрхийлэл дэд хэмжүүрүүд нь амьдралын чанарыг урьдчилан таамаглах хүчин зүйлс байв. Иймд эмчлүүлэгчдийн өвчний талаарх ойлголт, мэдлэг болон сэтгэлзүйн хандлагад чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн чиглэл болох гэрээр сувилахуйн тусламжийг хэрэгцээтэй нь нотлогдож байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1668
Эшлэл
Б.Отгонболь, Ч.Энхтуул, Я.Энхжаргал. Зүрхний цочмог шигдээстэй эмчлүүлэгчдийн өвчиндөө хандах хандлага, амьдралын чанар хоорондын хамаарлыг судалсан нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(3):157-165.
