Loading...
Нүдний шар толбоны насжилт хамааралт сөнөрөлийн эрсдэлт хүчин зүйлс ба CFH генийн хамаарлыг судалсан дүн
Зохиогч
Он
2023 оны арван нэгдүгээр сарын 3
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
19
Issue
5
Start Page
57
End Page
60
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Насжилт хамааралт шар толбоны сөнөрөл (НХШТС) нь өндөр настнуудын (>50) дунд харааны чадвар алдагдах эмгэгийн гол шалтгаануудын нэг болдог. Эрт үеийн НХШТС-ийн үед Брухын мембран болон торлог бүрхүүлийн нөсөөт давхарга хооронд товх үүсч шөнийн харах чадвар буурах, уншихад бэрхшээлтэй байх зэрэг шинж илэрдэг бол хожуу үед географик атропи, судаслаг давхаргад шинээр судасжилт үүсч, цааш сорвижиж харааны чадвар алдагддаг. Ингэснээр хөгшчүүдэд харааны чадвар буурах, хараагүйдлээс шалтгаалж гэмтэх, нийгмээс тусгаарлагдах, хэн нэгний асрамжинд байх шаардлага гарах зэрэг бэрхшээлүүд үүсч амьдралын чанар буурч байна. НХШТС нь нас, тамхи таталт, биеийн жингийн индекс өндөр байх, хооллолтын хэв маяг, удамшлын хүчин зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал CFH генийн үйл ажиллагааны домеин хэсэг дээрх хэд хэдэн нэг нуклеотидын полиморфизм НХШТС үүсэхэд нөлөөлж байгааг тогтоосон байна. Зорилго: CFH генийн rs1061170, rs1065489, rs800292 полиморфизмуудыг хүрээлэн буй орчны хүчин зүйлстэй хослуулан НХШТС-тэй холбон судлах, нөлөөлөх эрсдлийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааны тохиолдлын бүлэгт 161, хяналтын бүлэгт 116 хүнийг хамруулав. Бид тусгайлан боловсруулсан асуумжаар судалгаанд оролцогчдын ерөнхий мэдээлэл, эрсдэлт хүчин зүйлс болон биемахбодын хэмжилтийг хийж судалгаанд хамрагдагсдын нүдний үзлэг шинжилгээнд хамруулав. Бид судалгаанд оролцогчдын захын цуснаас геномын ДНХ-ийг ялган авч, ялгасан ДНХ-ээс полимеразын гинжин урвал (ПГУ) аргаар генийн өвөрмөц дарааллыг олшруулан үр дүнг гель электрофорезийн аргаар баталгаажуулсан. Статистик боловсруулалтыг SNPalyze программыг ашиглан гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгааны үр дүгээр нарны шил тогтмол хэрэглэдэггүй (OR=3.16, 95% CI 1.67-5.96, p<0.001), артерийн даралт ихдэлттэй байх (OR=2.29, 95% CI 1.37-3.83, p=0.002), цус шингэлэх эм хэрэглэдэг (OR=2.28, 95% CI 1.30-3.98, p=0.004) зэрэг нь НХШТС-д эрсдэлт нөлөөтэй байгаа нь тодорхойлогдлоо. Мөн rs800292 полиморфизмын генотипийн давтамжийг бүлгүүдэд НХШТС-өөр өвчлөх эрсдлийг харьцуулахад G/G (OR=11.12, 95% CI, 3.06-40.34, p=0.0002) генотиптэй хүмүүс А/А генотиптэй хүмүүсээс НХШТС-өөр өвчлөх эрсдэл 11 дахин өндөр эрсдэлтэй байгааг тогтоолоо. T-T (OR=0.69, 95% CI, 0.49-0.97, p=0.035), T-A (OR=0.52, 95% CI, 0.37-0.74, p=0.0002), T-A (OR=0.31, 95% CI, 0.20-0.49, p<0.001) гаплотипүүд НХШТС-өөр өвчлөх эрсдлийг 1.5-3.3 дахин бууруулж байгааг тогтоолоо. Дүгнэлт: 1.НХШТС-д нарны шил зүүдэггүй байх (p<0.001), артерийн гипертензитэй (p=0.0015), бүлэгнэлтийн эсрэг эм хэрэглэдэг нь (p=0.007) статистик ач холбогдол бүхий ялгаатай буюу НХШТС-д эрсдэлт нөлөөтэй тодорхойлогдлоо. 2.CFH генийн rs1061170 полиморфизмын дээрх аллель, генотипүүд хуурай хэлбэрийн НХШТС-д эрсдэлт нөлөөгүй, харин нойтон хэлбэрийн НХШТС үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болж байгааг харуулж байна(p<0.001).
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/927
Эшлэл
А.Ариунзаяа, П.Золзаяа, Б.Баярлах, Т.Сувд, Г.Чимэдлхамсүрэн, Ж.Баасанхүү нар. Нүдний шар толбоны насжилт хамааралт сөнөрөлийн эрсдэлт хүчин зүйлс ба CFH генийн хамаарлыг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2023;19(5):57-60.
