Loading...
Төвөнхийн папилломатозын мэс заслын эмчилгээний харьцуулсан судалгаа
Зохиогч
Он
2025 оны аравдугаар сарын 20
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
5
Start Page
90
End Page
94
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Төвөнхийн папиллома нь хүний папилломын вирусийн (HPV) 6, 11-р хэв шинжээр халдварласны улмаас төвөнхийн салст бүрхүүлийн хучуур эдэд үүсдэг амьсгалын замын архаг дахилтат хоргүй хавдар юм. R. Y. Seedat нарын судалгаагаар уг өвчний үед дуу сөөнгөтөх (25.9%), амьсгал давчдах (51.9%), шуугиантай амьсгал (70.1%) зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг болох нь тогтоогдсон. Салст бүрхүүлийн гиперплази, эвэршилт явагдсанаар эмгэг эсийн тоо нэмэгдэж, халдварласан эсүүд суурийн мембраныг нэвтлэн салстын доорх хэвийн эсүүдэд гаж өөрчлөлт үүсгэн хэвийн бус хуваагдалд ордог. Үүний улмаас хоргүй хавдар үүсэж, салстын бүтцийн бүрэн бүтэн байдал алдагдах үед вирусийн уураг дахин идэвхжин эмнэлзүйн дахилт үүсгэдэг. Дахилт бүрд мэс заслын эмчилгээ шаардлагатай ба дууны хөвчийн чичиргээний хөдөлгөөн алдагдсанаар дууны чанар буурдаг. Өвчний эхэн үед багтраа эсвэл харшилтай андуурагдан оношилгоо хоцорч, улмаар зарим тохиолдолд цочмог амьсгал дутагдлын хэлбэрээр илэрч амь насанд аюултай байдалд хүргэх эрсдэлтэй. Хүүхэд насанд эхэлсэн төвөнхийн дахилтат папилломатоз (ТДП)-тай өвчтөн жилд дунджаар 4.4 удаа, амьдралынхаа туршид 19.7 удаа мэс засал хийлгэх шаардлагатай байдаг. ТДП-ын мэс заслын эмчилгээний зорилго нь хавдар төст үүсгэврийг авах, шинж тэмдгийг бууруулах, амьсгалын замыг чөлөөлөх, дууны үйл ажиллагааг хадгалах, давтан мэс заслын хоорондын хугацааг уртасгах, амьдралын чанарыг сайжруулахад оршино. Гэвч мэс засал нь өвчний дахилтыг бүрэн зогсоох боломжгүй бөгөөд эмчилгээний үед уламжлалт хүйтэн багажийн арга (traditional cold instrument), микродебрайдер (microdebrider), 10,600 нм нүүрстөрөгчийн давхар ислийн лазер (CO₂ laser) зэрэг аргуудыг өргөн ашиглаж байгаа ч стандарт удирдамж хараахан тогтоогдоогүй байна. Зорилго: Төвөнхийн папилломатозын уламжлалт мэс заслын үр дүнг микродебрайдер хэрэглэн хийсэн мэс заслын үр дүнтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан тохиолдол-хяналтын судалгааны загвараар гүйцэтгэсэн ба УНТЭ-ийн Чих Хамар Хоолой Судлал Мэс Заслын Тасагт төвөнхийн папилломатозын оношоор хэвтэн эмчлүүлсэн нийт 76 эмчлүүлэгчийг хамруулав. Үүнээс 2018–2022 онд уламжлалт мэс заслын аргаар эмчлүүлсэн 52 эмчлүүлэгчийн мэдээллийг эмнэлгийн өвчний түүхээс цуглуулж, хяналтын бүлэгт (control group) багтаав. Харин микродебрайдер (microdebrider) ашиглан бичил мэс засал хийлгэсэн 24 өвчтөнийг тохиолдлын бүлэгт (case group) оруулав. Өвчний хүндрэлийн оноо (Derkay)-г үнэлж, дуу хоолойн чанарын үзүүлэлтийг (GRBAS) болон дууны бэрхшээлийн индекс (VHI) оноогоор тодорхойлов. Судалгаанд тоон статистик шинжилгээ хийж, бүлгүүдийн хоорондын харьцуулалт болон корреляцийн шинжилгээг ашиглан p<0.05 тохиолдолд статистикийн ач холбогдол бүхий ялгаатай гэж үзэв. Үр дүн: Судалгаанд хамрагсдын (n=76) 52 нь хяналтын бүлэгт (cold instrument), 24 нь тохиолдлын бүлэгт (microdebrider) хуваарилагдав. Хяналтын бүлэгт 36 эрэгтэй (69.2%), 16 эмэгтэй (30.8%) дундаж нас 42.2±15.7, харин судалгааны бүлэгт 15 эрэгтэй (62.5%), 9 эмэгтэй (37.5%) дундаж нас 44.6±15.9 байв. Нас болон өвчний хүндрэлийн оноо (Derkay)-ны хувьд бүлгүүдийн хооронд мэдэгдэхүйц ялгаа илрээгүй (p>0.05). Тохиолдлын бүлэгт мэс заслын хугацаа (24.6±17.6 vs. 30.3±7.8 мин, p=0.014) болон ор хоног (2.8±2.6 vs. 3.3±0.9 хоног, p<0.001) богино байв. Мэс заслын дараах дахилтын хоорондын хугацаа хяналтын бүлэгт урт (5.7±6.3 vs. 1.5±3.6 сар, p=0.001), харин эмчлүүлэгч тус бүрийн нийт мэс заслын тоо тохиолдлын бүлэгт өндөр байв (22.8±36.9 vs. 8.7±11.8). Дуу хоолойн чанар тохиолдлын бүлэгт илүү сайжирч, дуу хоолойн чанарын үзүүлэлт (GRBAS) (5.3±2.3 vs. 8.4±2.9, p<0.01) болон дууны бэрхшээлийн индекс (VHI) (36.8±11.7 vs. 66.4±12.4, p<0.001) оноо доогуур гарсан. Өвчний хүндрэлийн оноо (Derkay) оноо болон нийт мэс заслын тоо (ρ=0.35), дуу хоолойн чанарын үзүүлэлтийг (GRBAS) ба дууны бэрхшээлийн индекс (VHI) (ρ=0.37) хооронд статистик үнэн магадлалтай эерэг хамаарал ажиглагдлаа. Дүгнэлт: Төвөнхийн папилломатозын мэс заслын эмчилгээнд микродебрайдерийн хэрэглээ нь мэс заслын хугацаа болон эмнэлэгт хэвтэх хоногийг статистикийн ач холбогдолтойгоор бууруулж, дуу хоолойн чанарыг сайжруулсан үр дүнтэй байлаа. Гэсэн хэдий ч мэс заслын дараах дахилтын хугацаа харьцангуй богино, зарим тохиолдолд мэс заслын давтамж өндөр байсан нь уг аргыг урт хугацааны хяналт, үнэлгээ шаардлагатайг харуулж байна.
Background: Laryngeal papillomatosis is a chronic recurrent benign tumor of the airway caused by infection with human papillomavirus (HPV) types 6 and 11, developing in the epithelial lining of the laryngeal mucosa. According to R. Y. Seedat et al., clinical manifestations of the disease include hoarseness (25.9%), dyspnea (51.9%), and stridor (70.1%). Hyperplasia and keratinization of the mucosa lead to increased numbers of abnormal cells, which invade beyond the basement membrane and induce atypical changes in normal cells, resulting in uncontrolled proliferation. This causes benign tumor growth, and when mucosal integrity is disrupted, viral proteins may reactivate, leading to recurrence. Surgical treatment is required for each recurrence, and impaired vocal fold vibration negatively affects voice quality. In the early stages, the disease may be misdiagnosed as asthma or allergy, and in some cases, can present as acute respiratory distress, posing a life-threatening risk. Patients with juvenile-onset recurrent respiratory papillomatosis (JORRP) require surgery an average of 4.4 times annually and 19.7 times during their lifetime. The goals of surgical treatment are to remove papillomatous lesions, reduce symptoms, secure the airway, preserve vocal function, extend the interval between recurrences, and improve quality of life. However, surgery alone cannot completely prevent recurrence. Currently, traditional cold instruments, microdebriders, and CO₂ lasers (10,600 nm) are widely used, but no standardized guideline exists. Aim: To compare the outcomes of traditional cold instrument surgery with microdebrider-assisted microsurgery in the treatment of laryngeal papillomatosis. Materials and Methods: A hospital-based case–control study was conducted at the Department of Otolaryngology, National Center for Maternal and Child Health. A total of 76 patients diagnosed with laryngeal papillomatosis were included. Clinical records of 52 patients treated with cold instruments between 2018 and 2022 were reviewed as the control group, while 24 patients who underwent microdebrider-assisted microsurgery formed the case group. Disease severity was assessed using the Derkay staging system, and voice outcomes were evaluated with the GRBAS scale and Voice Handicap Index (VHI). Statistical analyses included group comparisons and correlation testing, with significance set at p<0.05. Results: Of the 76 patients, 52 were in the control group and 24 in the case group. The control group included 36 males (69.2%) and 16 females (30.8%) with a mean age of 42.2±15.7 years, while the case group included 15 males (62.5%) and 9 females (37.5%) with a mean age of 44.6±15.9 years. No significant differences in age or Derkay scores were found between groups (p>0.05). The case group had significantly shorter operative times (24.6±17.6 vs. 30.3±7.8 min, p=0.014) and hospital stays (2.8±2.6 vs. 3.3±0.9 days, p<0.001). However, the recurrence interval was longer in the control group (5.7±6.3 vs. 1.5±3.6 months, p=0.001), while the total number of surgeries per patient was higher in the case group (22.8±36.9 vs. 8.7±11.8). Voice outcomes improved more significantly in the case group, with lower GRBAS (5.3±2.3 vs. 8.4±2.9, p<0.01) and VHI scores (36.8±11.7 vs. 66.4±12.4, p<0.001). Positive correlations were observed between Derkay scores and total number of surgeries (ρ=0.35), as well as between GRBAS and VHI scores (ρ=0.37). Conclusion: Microdebrider-assisted surgery for laryngeal papillomatosis significantly reduced operative time and hospital stay while improving postoperative voice outcomes compared with cold instrument surgery. However, the shorter recurrence interval and higher surgery frequency in some cases indicate the need for long-term monitoring and further evaluation of this method.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1266
Эшлэл
Э.Ариунаа, П.Ганчимэг, С.Нэргүй. Төвөнхийн папилломатозын мэс заслын эмчилгээний харьцуулсан судалгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(5):90-94.
