Loading...
Чихрийн шижинтэй хүмүүсийн дундах нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамтыг илрүүлэн зарим эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн
Он
2026 оны дөрөвдүгээр сарын 16
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
3
Start Page
27
End Page
33
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Чихрийн шижинтэй холбоотой сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, стресс нь нийгэм-сэтгэлзүйн дарамтыг үүсгэдэг байна. Монгол улсад сүүлийн жилүүдэд чихрийн шижингийн тархалт хурдацтай нэмэгдэж байгаа ч чихрийн шижинтэй хүмүүсийн нийгэм-сэтгэлзүй, сэтгэцийн эмгэгтэй холбоотой эмнэлзүйн хүчин зүйлсийн талаарх судалгаа хомс байна. Зорилго: Чихрийн шижинтэй хүмүүст илрэх нийгэм-сэтгэлзүй, сэтгэцийн эмгэгтэй холбоотой зарим өөрчлөлтүүдийг өвчний хүндрэл, хяналтын үзүүлэлтүүдтэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны загвараар нийт чихрийн шижинтэй 172 насанд хүрэгчдийг хамруулан хийж гүйцэтгэсэн. Судалгааны мэдээ, материалыг цуглуулахдаа стандарт үнэлгээний хэрэгслүүд болох Patient Health Questionnaire-9, Generalized Anxiety Disorder-7, Diabetes Distress Scale асуумжуудыг ашиглав. Хоёр ба түүнээс дээш сорилд эерэг илэрсэн тохиолдлыг “Нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамт” хэмээн тодорхойлсон. Нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамттай холбоотой хүчин зүйлсийг нэг хүчин зүйлсийн болон олон хүчин зүйлсийн логистик регрессийн шинжилгээ хийж, судалгааны үр дүн тус бүртэй холбоотой нэмэлт статистик загваруудыг боловсруулсан. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 58.3±10.4 жил ба 57.6% нь эмэгтэйчүүд, 42.4% эрэгтэйчүүд байна. HbA1c-ийн дундаж утга 9.0% (IQR 7.5–11.0), чихрийн шижингийн үргэлжилсэн дундаж хугацаа 10 жил (IQR 6–16) байлаа. Нийт оролцогчдын 16.9% нь нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамттай, чихрийн шижинтэй холбоотой нэг архаг хүндрэл 47.7%-д илэрсэн бол 17.0%-д нь хоёр ба түүнээс дээш хүндрэлтэй байв. Сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, чихрийн шижингийн шалтгаант дистрессийн оноонууд хооронд эерэг хамааралтай байлаа (бүгд p<0.001). Нэг хүчин зүйлийн шинжилгээгээр архаг хүндрэл нэгээр нэмэгдэх тутамд нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамт өсч байна (OR=1.93, 95% CI1.31– 2.87; p=0.001). Нэг хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр HbA1c өндөр байх нь нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамтын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа нь статистик үнэн магадлалтай (1%-иар нэмэгдэх тутам OR=1.14, 95% CI1.01–1.28; p=0.040) байв. Архаг хүндрэлийн тоо болон HbA1c-ийг хамруулсан олон хүчин зүйлсийн шинжилгээгээр архаг хүндрэлийн тоо нь эрсдэлийг нэмэгдүүлэх бие даасан хүчин зүйл (adjusted OR=1.92, 95% CI1.21–3.05; p=0.005) болж байсан. Харин HbA1c нь статистикийн ач холбогдолгүй байв. Нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамтын тархалт нь хүндрэлээс хамааран өсөх магадлалтай байв. Чихрийн шижингийн архаг хүндрэл илрээгүй оролцогчдын дунд 8.9%, нэг хүндрэлтэй бүлэгт 19.2%, хоёр ба түүнээс дээш хүндрэлтэй бүлэгт нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамт 37.9% тус тус эзэлж байв. Дунд ба хүнд зэргийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, өндөр түвшний чихрийн шижингийн дистрессийн тархалт мөн л адил архаг хүндрэлийн тоо нэмэгдэхийн хэрээр өсч байв. Дүгнэлт: Чихрийн шижинтэй насанд хүрэгчдийн 6 хүн тутмын 1-д нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамт илэрч байна. Чихрийн шижингийн архаг хүндрэл илрэх нь нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамт үүсэх эрсдэлийг 3.5 дахин нэмэгдүүлж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1651
Эшлэл
Х.Тэргэл, И.Бодула, Н.Баярсүх, З.Хишигсүрэн, Б.Оюунтөгс. Чихрийн шижинтэй хүмүүсийн дундах нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамтыг илрүүлэн зарим эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(3):27-33.
