Loading...
Эрүүний саатсан араа шүдийг мэс заслын аргаар аван нэгдүгээр их араа шүдний ормонд шилжүүлэн суулгасан эмнэл зүйн тохиолдол
Зохиогч
Он
2024 оны дөрөвдүгээр сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
5
Start Page
69
End Page
72
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Эрүүний их араа шүд нь гоо сайхан, үйл зүй, хоршилт зэрэгт чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд сүүлийн жилүүдэд сүүн шүд гэж андуурагдан, унах шүд гэж урт хугацаанд цооролд өртөн улмаар хүндэрч авагдахаас өөр сонголтгүй болох эмнэл зүйн тохиолдол бүртгэгдэж байна. 1-р их араа шүд нь эрүүний 2-р их араа шүдтэй харьцуулахад авагдах тохиолдол их байна. Үйлчлүүлэгч 20 настай эмэгтэй нүүр амны эмчилгээ хийлгэх зорилгоор шүдний эмнэлэгт хандсан. Амны хөндийн үзлэгээр эрүүний зүүн талын 1-р их араа шүд их хэмжээний ломботой бөгөөд өмнө нь шүдний эмчилгээ хийлгэж байсан. Арьс салст хэвийн, хаван, хавдаргүй. Түүшин яс болон шилжих нугалаасаар тэмтрэхэд ямар нэг эмзэглэлгүй. Хоншоорэрүүний дэлгэмэл рентген зураг (OPG) авч үзэхэд,зүүн талын агт араа шүд шүдний эгнээнд багтах зайгүй, хагас саатсан ба 1-р их араа шүдний сурвалжийн орой үрэвсэлтэй, сувгийн ломбо дутуу, сийрэг, нүүр амны эмчилгээний эмчийн дүгнэлтээр дахин сувгийн эмчилгээ хийх боломжгүй. Нүүр амны эмчилгээний эмчийн оношийн дагуу мэс заслын аргаар 3.8-р шүдийг авч 3.6-р шүдний ормонд суулган гажиг заслын чиг тавин цаашид үргэлжлүүлэх хянах эмчилгээний төлөвлөгөө гаргасан. Өвчтөний ерөнхий биеийн байдал хэвийн, уруул арьс салстад хаван хавдар бага үүссэн. Оёдлыг 10 хоногийн дараа авсан. Шарх хүндрэлгүй анхдагчаар эдгэсэн. Саатсан агт араа шүдийг мэс заслын аргаар бүрэн аван их араа шүдний ормонд шилжүүлэн суулгах ажилбар нь имплант шүдийг бодвол өртөг хямд,биозохицол харьцангуй сайтай. Ингэснээр гажиг заслын эмчилгээг үр дүнтэй хийж өвчтөний гоо сайхан, үйлийг бүрэн сэргээх боломжийг олгож байна. Дүгнэлт: 3.6-дугаар шүдний сувгийн ломбо дутуу учраас сурвалжийн оройд үрэвсэл үүссэн ба дахин сувгийн эмчилгээ хийх нь үр дүн багатай учраас буруу ургалттай саатсан агт араа шүд нь эмчлэхэд төвөгтэй тул эмчилгээний төлөвлөгөөг олон мэргэжлийн эмч нар хамтран гаргах шаардлагатай. Мэс заслын аргаар 1-дүгээр их араа болон саатсан агт араа шүдийг авснаар эмчилгээний эмч агт араа шүдэнд сувгийн эмчилгээг хийж шүдийг төмөр чигээр бусад шүдтэй бэхлэн эдгэрэлтийг хянан үр дүнтэй хийж өвчтөний гоо сайхан, үйл зүйг бүрэн сэргээх боломжийг олгож байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1059
Эшлэл
Д.Оюунтунгалаг, М.Солонго, М.Ариунзул, Б.Мягмарсүрэн, З.Хонгорзул, Ш.Даваахүү. Эрүүний саатсан араа шүдийг мэс заслын аргаар аван нэгдүгээр их араа шүдний ормонд шилжүүлэн суулгасан эмнэл зүйн тохиолдол. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(5):69-72.
