Loading...
Элэг, цөсний үйл ажиллагааг дэмжих үйлдэлтэй нийлмэл найрлагатай зарим зэхмэл цайны антиоксидант идэвхийг судалсан үр дүн
Зохиогч
Он
2026 оны гуравдугаар сарын 30
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
2
Start Page
159
End Page
164
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Ургамлын гаралтай цай нь антиоксидант, үрэвслийн эсрэг болон элэг, цөсний үйл ажиллагааг дэмжих биологийн идэвхт нэгдлээр баялаг байдаг. Гэсэн хэдий ч Монголд уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн элэг, цөсний үйл ажиллагааг дэмжих үйлдэлтэй нийлмэл найрлагатай зарим зэхмэл цайны химийн бүрэлдэхүүн, антиоксидант идэвхийг нарийвчлан тогтоосон судалгаа дутмаг байна. Зорилго: Ургамлын гаралтай элэг, цөсний үйл ажиллагааг дэмжих үйлдэлтэй зарим зэхмэл цайны биологийн идэвхт нэгдлийн агууламж болон антиоксидант идэвхийг уусгагчийн концентрациас хамааруулан үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд Азийн төлөгч өвс (Achillea asiatica Serg), өмхий буржгар (Thalictrum foetidum L), Потаниний хотир (Zygophyllum potaninii Maxim), эгэл марал (Tanacetum vulgaris L), гишүүнэ (Rheum undulatum L) зэрэг 5 төрлийн ургамлаас тогтох нийлмэл найрлагатай зэхмэл цайг судалгаанд ашиглав. Ургамлын дээжийг 30% болон 70% этилийн спиртээр хандалж, химийн анхан шатны шинжилгээг нимгэн үеийн хроматографи (НҮХ)-ийн аргаар хийв. Нийт фенолт нэгдлийг Фолин–Чикольтеу, нийт флавоноидыг AlCl₃-ын өнгөт урвалаар тодорхойлж, антиоксидант идэвхийг DPPH, ABTS⁺, FRAP аргуудаар үнэлсэн. Үр дүн: НҮХ шинжилгээгээр флавоноидын уламжлал, гликозид болон терпений төрлийн нэгдлүүд илэрч, алкалоид илрээгүй. 70% этилийн спирт нь ханданд нийт фенолт нэгдэл 5.518±0.24%, (галлын хүчлээр тооцсоноор) болон нийт флавоноид 1.513±0.023%, (кверцетинээр тооцсоноор) өндөр байгаа нь харагдаж байлаа. Антиоксидант идэвхийн хувьд 70% ханд DPPH (IC₅₀=55.37 мкг/мл), ABTS⁺ (IC₅₀=86.08 мкг/мл), FRAP (1440.84 мкM/л) аргуудаар 30% хандтай харьцуулахад илүү идэвх үзүүлж байгаа нь тогтоогдлоо. Дүгнэлт: 1. Нийлмэл зэхмэл цайны фитохимийн чанарын шинжилгээгээр флавоноидын уламжлалт нэгдлүүд, гликозид болон терпен давамгайлан агуулагдаж байгаа нь илэрсэн бөгөөд уусгагчийн концентрациас хамааруулан 70%-ийн этилийн спирт нь ханд дахь нийт фенолт нэгдэл болон флавоноидын агууламж 30%-ийн ханднаас статистик ач холбогдол бүхий өндөр (p<0.05) байгаа нь тогтоогдож байна. 2. Чөлөөт радикал саармагжуулах идэвхийг DPPH (IC50 55.37 мкг/мл) болон ABTS (IC50 86.08 мкг/мл) аргуудаар үнэлэхэд 70%-ийн этилийн спирт нь ханд нь 30%-ийн хандтай харьцуулахад илүү өндөр антиоксидант идэвх үзүүлж байгаа нь ажиглагдаж байна. 3. Зэхмэл цайны ханднуудын төмрийн ион ангижруулах чадвар FRAP (1440.84 мкM/л) нь концентрациас хамаарсан шугаман хамааралтай бөгөөд полифенолт нэгдлийн агууламж өндөр байх тусам антиоксидант идэвх нэмэгдэж байгаа нь уг зэхмэл цай элэг, цөсний үйл ажиллагааг дэмжих үйлдэлтэй болохыг харуулж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1641
Эшлэл
Б.Тунгалаг, Н.Халиун, П.Батхуяг, Б.Энх-Амгалан, Э.Пүрэвдорж. Элэг, цөсний үйл ажиллагааг дэмжих үйлдэлтэй нийлмэл найрлагатай зарим зэхмэл цайны антиоксидант идэвхийг судалсан үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(2):159-164.
