Loading...
Эрүүл мэндийн анхан шатлалд ажиллаж буй эмч нарын хүний их эмч мэргэжлийн цогц чадамжид өгсөн сэтгэл ханамжийг судалсан дүн
Зохиогч
Он
2026 оны дөрөвдүгээр сарын 16
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
3
Start Page
47
End Page
55
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд анагаах ухааны боловсрол нь уламжлалт мэдлэг төвтэй сургалтаас чадамжид суурилсан хандлага руу эрчимтэй шилжиж байна. Энэхүү шинэчлэлийн хүрээнд төгсөгчдийн онолын мэдлэгийг үнэлэхээс гадна тэдний ажлын байран дахь бодит гүйцэтгэл, мэргэжлийн чадамжийг системтэйгээр үнэлэх асуудал нэн чухал болоод байна. Эмчийн мэргэжлийн үйл ажиллагаа нь зөвхөн эмнэлзүйн мэдлэгээр хязгаарлагдахгүй, харин харилцаа, хандлага, ёс зүй, манлайллын цогц нэгдэл байхыг олон улсын жишиг шаардах болсон. Зорилго: “Хүний их эмч” бэлтгэх хөтөлбөрийн суралцахуйн үр дүнд төгсөгчдийн өгсөн сэтгэл ханамжийг судлах замаар мэргэжлийн цогц чадамжийн өнөөгийн байдлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар 2024 оны 1-р сараас 2026 оны 1-р сарын хооронд зохион байгуулсан. Судалгаанд АШУҮИС-ийн АУС-ийг 2020-2022 онд төгсөж, эрүүл мэндийн анхан шатлалд ажиллаж буй нийт 114 төгсөгчийг хамруулсан. Мэдээлэл цуглуулахдаа хүн амын ерөнхий үзүүлэлт (10 асуулт), CanMEDS үзүүлэлтийн 29 асуулт бүхий нийт 41 асуулттай асуумжийг ашиглав. Сэтгэл ханамжийг Ликертийн 5 оноо бүхий хэмжүүрээр (1-ээс 5 хүртэл) үнэлсэн. Статистик боловсруулалтыг IBM SPSS Statistics 26 программ ашиглан гүйцэтгэсэн бөгөөд асуумжийн найдвартай байдлыг Cronbach’s Alpha-аар, бүлэг хоорондын ялгааг Т-тест болон ANOVA-аар, нөлөөллийн хэмжигдэхүүнийг хэсэгчилсэн эта квадратаар, асуумжийг багцлахдаа хүчин зүйлийн шинжилгээний аргуудыг тус тус ашигласан. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 86.1% нь эмэгтэй, 13.9% нь эрэгтэй байсан ба дундаж нас 27.49±1.15 жил байв. Төгсөгчдийн 54.8% нь хотод, 45.2% нь хөдөө орон нутагт ажиллаж байлаа. Судалгааны асуумжийн дотоод нийцэл α=0.962 гарсан нь хэмжилтийн хэрэгсэл маш өндөр найдвартай болохыг нотолж байна. Нийт төгсөгчдийн ерөнхий сэтгэл ханамжийн түвшин дунджаар 3.63±0.79 байв. CanMEDS-ийн чадамжуудаас “Мэргэжилтэн” чадамж хамгийн өндөр буюу 3.78±0.77 үнэлэгдсэн бол “Анагаахын шинжээч” чадамж хамгийн бага буюу 3.49±0.67 байв. Харин «Анагаахын шинжээч» чадамжийн үнэлгээ жил ирэх тусам (2020 онд 3.24-өөс 2022 онд 3.68 хүртэл) статистик ач холбогдол бүхий (p<0.026) өсөлт үзүүлсэн нь сургалтын залгамж холбоо сайжирч буйн илрэл юм. Ялангуяа ME9 (Урьдчилан сэргийлэх, p<0.031) болон ME10 (Нотолгоо ашиглах, p<0.025) дэд чадамжууд дээр төгссөн он дунд зэргийн нөлөө үзүүлж байна (ηp2= 0.061-0.064). Төгсөгчдийн ажиллаж буй байршил нь чадамжийн үнэлгээнд статистик ач холбогдол бүхий ялгаа үүсгээгүй (p>0.05). Хүчин зүйлийн шинжилгээгээр 29 асуулт 5 үндсэн бүлэгт хуваагдсан бөгөөд эдгээр нь нийт өөрчлөлтийн 69.68%-ийг тайлбарлаж байна. Хамгийн эхний хүчин зүйл болох “Эмнэлзүйн болон удирдлагын нэгдмэл чадамж” дангаараа 49.08%-ийг тайлбарлаж буй нь мэргэжлийн цогц чадамж нэгдмэл шинжтэй байгааг харууллаа. Дүгнэлт: 1.Төгсөгчдийн мэргэжлийн цогц чадамжийн ерөнхий сэтгэл ханамж 3.63 оноотой буюу дундаас дээгүүр түвшинд байна. “Мэргэжилтэн” дүрийн чадамж хамгийн өндөр үнэлэгдсэн нь төгсөгчдийн ёс зүй, төлөвшил сайн байгааг илтгэх бол “Анагаахын шинжээч” дүр бага үнэлэгдсэн нь эмнэлзүйн нарийн ур чадварыг сургалтад илүү анхаарах шаардлагатайг харуулж байна. 2.Анагаахын шинжээчийн чадамж жил ирэх тусам сайжирч байгаа нь сургалтын шинэчлэл үр дүнгээ өгч буйн илрэл юм. 3.Судалгааны үр дүн нь анхан шатлалын эмч нарын хувьд эмнэлзүйн болон бусад зөөлөн ур чадварууд нь салшгүй нэгдмэл цогц шинж чанартайг баталж, цаашид хөтөлбөрийг энэхүү нэгдмэл байдалд тулгуурлан хөгжүүлэх шаардлагатайг нотолгоо болж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1654
Эшлэл
М.Өсөхбаяр, Н.Эрдэнэхүү, Я.Энхтөр, Б.Оюунгоо. Эрүүл мэндийн анхан шатлалд ажиллаж буй эмч нарын хүний их эмч мэргэжлийн цогц чадамжид өгсөн сэтгэл ханамжийг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(3):47-55.
