Loading...
Бөөрний нуугдсан халуун өвчний эмийн эмчилгээг зарим сурвалж, тайлбар, мэргэдийн бүтээлүүдийн хүрээнд харьцуулсан шинжлэл
Зохиогч
А.Сундуйжамц
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
1
Start Page
244
End Page
249
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Уламжлалт анагаах ухаанд өвчнийг ерөнхийдөө халуун, хүйтэн хоёрт хураангуйлж ангилаад халуун чанартай өвчнүүдийг хамгийн эхэнд нь таньж мэдэхийг онцгойлон үзсэн байдаг. Энэ хүрээнд бид оношлоход төвөгтэй, эндүүрэл их гардаг, халуун, хүйтэн аль ч тал руугаа сэдэрч хүндэрч болох, эмчилгээ нь олон үе шаттай хийгддэг, эмнэл зүйд олон тохиолддог бөөрний нуугдсан халуун өвчнийг судлах нь онол, эмнэл зүйн ач холбогдол ихтэй хэмээн үзлээ. Зорилго: Уламжлалт анагаах ухааны зарим сурвалж тэдгээрийн тайлбарууд, мэргэдийн бүтээлүүдийн хүрээнд бөөрний нуугдсан халуун өвчнийг анагаах зарчим, эмийн эмчилгээний талаар харьцуулан шинжлэх. Арга, аргачлал: Эх хэрэглэгдэхүүн анагаах ухааны дөрвөн үндэс, түүний тайлбар, мэргэдийн нийт 6 бүтээлүүдийн бөөрний нуугдсан халуун өвчний эмчилгээний зохих бүлгүүдийг эх бичиг судлалын герменевтик, харьцуулах, задлан шинжилж, нэгтгэн дүгнэх аргаар энэхүү судалгааг хийлээ. Үр дүн: Судалгааны эх хэрэглэгдэхүүн эх бичгүүдэд Бөөрний нуугдсан халуун өвчний эмчилгээний зарчмыг ерөнхийдөө 1. Анханд нь их хулгайчийг нүхэнд оруулах. 2. Завсарт нь утааг яндангаар гаргах. 3. Эцэст нь халууны үлдэгдлийг усаар нядлах хэмээн гүн агуулгатай гурван үе шаттай эмчилгээ хийхээр заажээ.1 Эдгээр зарчим тус бүрд тохирсон эмчилгээ оновчтой байгаа нь уламжлалт анагаах ухаан тус өвчнийг өөрийн онол, аргазүйн хүрээнд эртнээс төгс чанартай таньж мэдэж эмчилж ирснийг нотолж байна. Судалгааны эх хэрэглэгдэхүүн болох эх бичгүүдэд бөөрний нуугдсан халууныг анагаах нийт 33 найрлага бичигдсэнийг эмийн хэлбэрээр авч үзвэл тан 5, талх 26, тосон эм 2 нийт 33 эм байгаа нь сонголт ихтэй байгааг харуулж байна. Эдгээр эмүүдийг өвчний гурван зарчмын дагуу эхлээд бадган, хийн бүрхүүлийг хуулахад Жуган дэжид, Сэмбэрүү-4, утааг яндангаар гаргахад тан эмийн хэлбэрийг сонгосны зэрэгцээ талх эмийг өвчний халууны дээд, дунд, доод хүчинд тохируулан хэрэглэхээр заасан нь түлхүүр цоож таарах мэт тохирч байна. Уламжлалт анагаах ухааны эмчилгээнд өвчний сүүлийг таслах буюу эмчилгээний төгсгөлд бие махбодыг сэргээж арга билгийг тэнцүүлэх зорилготой тосон эмийг хэрэглэж ирсэн нь өвөрмөц онцлог болж байна. Судалгааны эх хэрэглэгдэхүүн болгосон эх бичгүүдийг харьцуулахад Бөөрний нуугдсан халуун өвчнийг анагаах эмчилгээний зарчим түүнд тохирх эмүүдийг сонгосон байдал нь “АУДҮ” сурвалжийг баримтлахын зэрэгцээ өөрсдийн зохих нэмэлтүүд хийсэн нь байна. Дүгнэлт: Эмийн эмчилгээг харьцуулж шинжлэхэд эмчилгээний гурван зарчмын дагуу хэрэглэх эмүүдийн хэлбэр, тэдгээрийн бүрэлдэхүүнийг тодорхой зааж өвчний хүчинд тохируулан өгөх эмээ хүчээр нь зааж нэрлэсэн нь ялгавартай төдийгүй тохирч байгаа нь төгс чанартай стандарт эмчилгээ болохыг илэрхийлж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/84
Эшлэл
А.Сундуйжамц, С.Сээсрэгдорж. Бөөрний нуугдсан халуун өвчний эмийн эмчилгээг зарим сурвалж, тайлбар, мэргэдийн бүтээлүүдийн хүрээнд харьцуулсан шинжлэл. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(1):244-249.
