Loading...
Улаанбаатар хотын насанд хүрэгчдийн дундах чихрийн шижингийн тархалт, тохиолдол
Зохиогч
Он
2021 оны гуравдугаар сарын 21
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
4
Start Page
144
End Page
147
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Хүн амын хэт төвлөрөлт, хөдөлгөөний хомсдол, стресс, буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг ихэссэнээр залуучуудын дунд биеийн жингийн илүүдэл, таргалалт эрчимтэй ихсэж чихрийн шижин улам бүр залуужиж байна. Зорилго: Улаанбаатар хотын насанд хүрэгчдийн дундах чихрийн шижингийн тархалт ба тохиолдлыг тогтоож, чихрийн шижин хэв шинж 1-тэй (ЧШХШ1) хүмүүсийн хүн ам зүйн зарим үзүүлэлтүүдийг судлахад оршино. Арга аргачлал: Эмнэлэгт суурилсан аналитик судалгааны нэг агшингийн загвараар судалгааг хийлээ. Улаанбаатар хотын 18-аас дээш насны ЧШХШ1-тэй хүмүүсийн бүртгэлд дүн шинжилгээ хийв. ЧШХШ1-тэй 181 хүнээс 110 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч судалгаанд хамруулав. Үр дүн: 2020 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын 18-аас дээш насны 1.243.626 иргэнээс Дотоод шүүрлийн эмчийн хяналтанд 12.708 хүн (1.02%) ЧШ-тэй байна. Нийт ЧШ 10.000 хүн амд 102 тохиолдож байна. Тэдгээрээс 12527 нь (10.000 хүн амд 100.7) ЧШХШ2-той, 181(10.000 хүн амд 1.4) ЧШХШ1-тэй, ЧШХШ2 ба ЧШХШ1-ийн харьцаа 69:1 тохиолдож байна. ЧШХШ1-тэй 181 хүнээс 110 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч судалгаанд хамруулахад ЧШХШ1-тэй хүмүүсийн эрэгтэй 41.8% (46), эмэгтэй 58.2% (64) байна. ЧШХШ1-тэй хүмүүсийн дундаж нас 31.6±8.1, анх өвчилсөн насны дундаж 21.4±9.5, 5-10 жил өвчилсөн 42.7% (47), 30-39 тус тус байна. Дүгнэлт: 1. Улаанбаатар хотын насанд хүрсэн 100 хүн тутмын 1 нь чихрийн шижинтэй, ЧШХШ2-ийн тохиолдол 10.000 хүн амд 100.7, ЧШХШ1-ийн тохиолдол 10.000 хүн амд 1.4 тодорхойлогдлоо. 2. ЧШХШ1-тэй хүмүүсийн дунд 26-30 насанд анх оношлогдсон 26(23.6%), ЧШ 5-10 жил үргэлжилсэн 47(42.7%), 3039 насныхан 54(49.1%), Баянзүрх дүүргийн иргэд 24(21.8%), дээд боловсролтой 69(62.7%), хувийн хэвшилд ажилладаг 38(34.5%) хүмүүс тус тус давамгайлж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/313
Эшлэл
Д.Ганчимэг, С.Янжмаа, С.Сайнбилэг. Улаанбаатар хотын насанд хүрэгчдийн дундах чихрийн шижингийн тархалт, тохиолдол. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(4):144-147.
