Loading...
Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн дундах эмэгтэй хэв шинжит үс халзрал ба зарим эрсдэлт хүчин зүйлсийн хамаарлыг судалсан нь
Зохиогч
О.Лхагвацэрэн
П.Хишигжаргал
Г.Баянжаргал
Б.Баярмаа
Он
2026 оны дөрөвдүгээр сарын 28
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
4
Start Page
92
End Page
96
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн дунд эмэгтэй хэв шинжит үс халзралт (ЭХШҮХ) түгээмэл тохиолддог. Тус өвчний эмгэг жам бүрэн тайлбарлагдаагүй хэдий ч насжилт, бэлгийн дааврын өөрчлөлт, удамшлын урьдал байдал, шим тэжээлийн дутагдал, таргалалт зэрэг нь ЭХШҮХ-ын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар ЭХШҮХ-ын эрсдэлт хүчин зүйлс, тэдгээрийн хамаарлыг судалсан ажлууд цөөнгүй хийгдэж байгаа ч, манай оронд энэ төрлийн судалгааны ажил хомс байна. Зорилго: Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн дундах эмэгтэй хэв шинжит үс халзралтыг бодисын солилцооны зарим өөрчлөлттэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвар ашиглан 2026.01 сараас 2026.03 сарын хугацаанд АӨСҮТ-өөр үйлчлүүлсэн 50-65 насны цэвэршсэн 30 эмэгтэйг хамруулсан. ASL 202 Lens (Aram Huvis, БНСУ) дижитал төхөөрөмж ашиглан 1 см2 талбайд үсний нягтралыг үнэлсэн. ЭХШҮХыг Людвигийн онооны шалгуурын дагуу I-III зэрэг болгон ангилсан. Статистик боловсруулалтыг SPSS 27.0 программ хангамж ашиглан үнэн магадлалын түвшинг 0.05 тохиолдолд ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 55.63±3.55 жил, дундаж БЖИ 27.85±4.3 кг/м2, бүсэлхийн тойрог 88.4±12.4 см тус тус байв. Судалгаанд хамрагдсан бүх оролцогчдод ЭХШҮХ оношлогдсон бөгөөд Ludwig-ийн оноогоор 56.7% (n=17) нь I зэрэг, 40% (n=12) нь II зэрэг, 3.3% (n=1) нь III зэргийн ЭХШҮХ-тай байв. I зэргийн ЭХШҮХ-тай хүмүүстэй харьцуулахад II, III зэргийн ЭХШҮХ-тай хүмүүст БЖИ (26.33±2.65 кг/ м2; 29.85±5.26 кг/м2) болон цусан дах өлөн үеийн глюкозын түвшин (4.95±0.51 ммоль/л; 6.79±2.74 ммоль/л, p=0.001) тус бүр статистик үнэн магадлал бүхий ялгаатай өндөр байв. Корреляцийн шинжилгээгээр БЖИ ба үсний нягтрал хооронд сөрөг хамаарал ажиглагдлаа (r=-0.53, p=0.003). Шугаман регрессийн шинжилгээгээр ЭХШҮХ-ын хүндийн зэрэгт нөлөөлөх хүчин зүйлсийг судлахад БЖИ (β коэффициент 0.413; 95% ИИ: 0.007, 0.09; p=0.023) ба өлөн үеийн глюкозын (β коэффициент 0.458; 95% ИИ: 0.028, 0.2; p=0.011) түвшин нэмэгдэх нь ЭХШҮХ хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн дийлэнх нь Ludwig-ийн оноогоор I зэргийн ЭХШҮХ-тай бөгөөд БЖИ ба өлөн үеийн глюкозын түвшин өндөр байх нь тус өвчин хүндрэхэд нөлөөлж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/23
Эшлэл
О.Лхагвацэрэн, П.Хишигжаргал, Г.Баянжаргал, Б.Баярмаа. Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн дундах эмэгтэй хэв шинжит үс халзрал ба зарим эрсдэлт хүчин зүйлсийн хамаарлыг судалсан нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(4):92-96.
