Loading...
Арьсны бичил биетний хоруу чанарын хүчин зүйл ба пробиотик идэвхийг тодорхойлсон дүн
Зохиогч
Х.Хангарьд
Ч.Баттогтох
Я.Энхтөр
Б.Отгонжаргал
Он
2024 оны тавдугаар сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
6
Start Page
22
End Page
26
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Арьсанд Staphilococcus, Micrococcus, Corynebacterium, Brevibacteria, Propionibacteria зэрэг хэвийн бичил биетэн оршин байдаг. Эдгээр бичил биетний аль аль нь глицеролыг нүүрстөрөгчийн эх үүсвэр болгон ашиглаж богино гинжит өөхний хүчил үүсгэн бичил биетний эсрэг үйлдэл үзүүлж байдаг. Манай орны хувьд арьсны бичил биетнийг өсгөвөрлөн бодисын солилцооны идэвхи, хоруу чанарын хүчин зүйлийг тодорхойлсон судалгаа хомс байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Арьсны бичил биетний хоруу чанарын хүчин зүйл ба пробиотик идэвхийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгаандаа батгатай болон хэвийн арьстай хүмүүсээс илэрсэн бактерийн омгуудыг хэрэглэсэн. Агаартан бактерийг тархи зүрхний хандтай шөлөнд, агааргүйтэн бактерийг тио шөлөнд өсгөвөрлөлөө. Шөлөнд өсгөвөрлөгдсөний дараа 5%-ийн хонины цустай тэжээлт орчинд сэлгүүллээ. Бактерийн биофильмийг тодорхойлохдоо шөлөнд өсгөвөрлөн, гэрлийн шингээлт хэмжигчээр хэмжин, оптик нягтыг томъёонд орлуулан тооцоог хийсэн. S.epidermidis-ийн эмгэгтөрөгчийн эсрэг нөлөөг (SA-overlay assay) S.aureus-ийг бүрхэх аргаар тодорхойллоо. Үр дүн: Судалгаанд хамрагдагдсан үйлчлүүлэгчийн шинжлэгдэхүүнд S.aureus 21.8%, S.epidermidis 100%, C.acnes 6.2% өсгөвөрлөгдөж, батгатай бүлгийн шинжлэгдэхүүнд C.acnes өсгөвөрлөгдөөгүй. S.epidermidis-ийн антибиотик тэсвэржилтийг тодорхойлоход тохиолдлын бүлэгт өсгөвөрлөгдсөн нийт омог пенициллин, кларитромицин, азитромицинд 30-аас дээш хувийн тэсвэржилттэй бүртгэгдлээ. Нийт өсгөвөрлөгдсөн тохиолдлуудын 35.3% (n=12) нь биофильм үүсгэх хүчтэй идэвхтэй (>4хODc), 44.2% (n=15) нь биофильм үүсгэх идэвхи султай болон огт биофильмийн идэвхигүй (≤ODc/ODc <~≤2xODc) омог байсан бол 20.5% (n=7) нь биофильм үүсгэх дундаж (2xODc<~≤4xODc) идэвхитэй байлаа. S.epidermidis-ийн стандарт омог S.aureus-ийн эсрэг пробиотикийн идэвхи үзүүлж буй нь батлагдлаа. Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсдаас 21.8%-д S.aureus, 100% S.epidermidis өсгөвөрлөгдсөн бол хяналтын эрүүл бүлгийн хүн амаас C.acnes 6.2% өсгөвөрлөгдөв. Батга өвчтэй бүлгийн хүн амаас ялгасан S.epidermidis-ийн омог биофильм үүсгэх идэвх хүчтэй идэвхтэй байсан бол хяналтын бүлэгт биофильмийн идэвх дундаж болон сул омог давамгайлж байлаа.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1082
Эшлэл
Х.Хангарьд, Ч.Баттогтох, Я.Энхтөр, Б.Отгонжаргал. Арьсны бичил биетний хоруу чанарын хүчин зүйл ба пробиотик идэвхийг тодорхойлсон дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(6):22-26.
