Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Уламжлалт анагаах ухаанд ёл шувуу (Gypaetus barbatus)-ны сангасыг эмчилгээнд хэрэглэж ирснийг тэмдэглэсэн зарим сурвалж зохиолыг тодруулан судлах нь
    (2026-02-03)
    Соёлт (Suyalatu)
    ;
    Б.Батболд
    ;
    Үндэслэл: Ёл шувуу (Gypaetus barbatus)-ны сангасыг уламжлалт анагаах ухаанд олон жилийн турш эмийн түүхий эд болгон ашиглаж ирсэн түүхтэй. Ёл шувуу нь өөрийн өвөрмөц биологийн онцлогтой бөгөөд түүний сангасыг уламжлалт эмийн жорын бүрэлдэхүүнд оруулан хэрэглэж иржээ. Уг түүхий эдийг голчлон хоол боловсруулах эрхтний хямрал, хавдар, шарх, сэтгэцийн гаралтай зарим эмгэгийг эмчлэхэд ашигладаг байсан талаар сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Гэсэн хэдий ч ёл шувууны сангасны эмчилгээний хэрэглээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалсан ажил хязгаарлагдмал байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Уламжлалт анагаах ухаанд ёл шувууны сангасыг эмчилгээний зориулалтаар хэрэглэж ирсэн талаарх зарим сурвалж, зохиолуудад тэмдэглэн үлдээсэн мэдээллийг нэгтгэн тоймлох. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд эх сурвалж болон түүхийн судалгааны арга, анализ синтезийн арга, системийн задлан шинжлэх арга, түүхийн харьцүүлалтын аргыг ашиглав. Судалгааг уламжлалт анагаах ухааны сурвалж номнуудаас Ёлын (Gypaetus barbatus) сангасны хүний өвчний эмчилгээнд, ялангуяа ходоодны хавдрын эсрэг хэрэглэж байсан эх сурвалжуудыг тодотгон гаргаж, нэгтгэн дүгнэсэн. Үр дүн: Судалгааны эх сурвалжуудаас үзэхэд ёл шувууны сангас нь Төвд, Монгол, Хятадын уламжлалт анагаах ухаанд эмчилгээний чухал бүрэлдэхүүн хэсэг байж, ялангуяа ясны өвчин, хоол боловсруулах эрхтний эмгэг, үрэвсэлт өвчнийг эмчлэхэд өргөн хэрэглэгдэж ирсэн байна. Ёлын сангасыг уламжлалт анагаах ухаанд ихэвчлэн шарж түлэх, номхотгон боловсруулах аргаар бэлтгэсний дараа эмийн жорын бүрэлдэхүүнд ашигладаг бөгөөд гашуун амттай, бүлээн чанартай, бэтгийг эвдэн бадганыг арилгах, илчийг сэлбэх, эс шингээснийг шимэгдүүлэх, дуршил нээх, хавдрыг ховхлох үйлчилгээтэй хэмээн уламжлалд тэмдэглэсэн байдаг. Кальци, фосфор зэрэг эрдэс бодисоор баялаг найрлагатай тул ясны бодисын солилцоог дэмжих, ясны сийрэгжилтийг бууруулах, шинээр яс үүсэх үйл явцыг идэвхжүүлэхэд тустай гэж уламжлалт сурвалжуудад дурдсан байдаг. Дүгнэлт: Ёл шувуу (Gypaetus barbatus)-ны сангас нь уламжлалт анагаах ухаанд олон зууны турш хэрэглэгдэж ирсэн бөгөөд голчлон ясны өвчин, хоол боловсруулах эрхтний эмгэг, үрэвслийн гаралтай өвчний үед ашиглагдаж иржээ. Уг сангас нь кальци, фосфор зэрэг эрдэс бодисоор баялаг тул яс бэхжүүлэх, хоол шингээлтийг дэмжих, үрэвслийг бууруулах боломжтой хэмээн үздэг. Гэсэн хэдий ч орчин үеийн эмнэлзүйн судалгаа хязгаарлагдмал хэвээр байгаа тул түүний эмчилгээний үр нөлөө, аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэсэн нарийвчилсан судалгаа шаардлагатай байна. Цаашдын судалгаанд ёл шувууны сангасны биологийн идэвх, эмчилгээний боломжийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох нь зүйтэй.