Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Жирэмсэн үеийн сэтгэл гутралын тархалт түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг судалсан байдал
    (2023-11-03)
    Л.Насанжаргал
    ;
    Т.Ганцэцэг
    ;
    Үндэслэл: Дэлхийн олон оронд хийгдсэн тархалтын судалгааны үр дүнгээс харахад жирэмсэн үеийн сэтгэл гутралын тархалт 10-15 хувийн тархалттайг судлаачид тодорхойлсон бөгөөд жирэмсний сүүлийн саруудад илүүтэй тохиолддог байна. 2002 онд Улаанбаатар хотын 1044 эмэгтэйг хамруулсан судалгаанд төрсний дараах сэтгэл гутрал 9.1% байсан бол Т.Мандхай нарын 2020 онд хийсэн судалгаанд жирэмсэн эхчүүдийн сэтгэл гутралын тархалт 41.2% байсан ба 34.3% нь амиа хорлох бодолтой байжээ. Жирэмсэн үеийн сэтгэл гутралын тархалтыг улсын хэмжээнд судлан тодорхойлж, нөлөөлж буй зарим эрсдэлт хүчин зүйлсийг судласнаар жирэмсэн үеийн тусламж үйлчилгээнд сэтгэцийн эрүүл мэндийн дэмжлэг тусламжийн хэрэгцээг тодорхойлох суурь судалгаа болно. Манай улсад жирэмсэн үеийн сэтгэл гутралын тархалтыг улсын хэмжээнд тодорхойлсон судалгаа харьцангуй хомс байгаа учир судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Жирэмсэн үеийн сэтгэл гутралын тархалтыг тодорхойлж, түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингиийн загвараар чанар болон аналитик судалгааны аргуудыг ашиглан 2022 оны 02 сарын 21-ний өдрөөс 04 сарын 08-ны хооронд Улаанбаатар хотын 4 дүүрэг, Баруун, Зүүн, Хангай, Төвийн бүсийн нийт 11 аймаг, 12 сумын 80 түүврийн нэгжээс санамсаргүй түүврийн аргаар судалгаанд оролцохыг зөвшөөрсөн 1482 жирэмсэн эхийг хамруулав. Судалгаанд оролцогчдоос нийт 4 бүлэг бүхий 79 асуумж, бие махбодын хэмжилт, сэтгэл гутралын эрсдэлтэй гарсан эмэгтэйчүүдэд сэтгэл гутралыг илрүүлэх, оношлох сэтгэцийн эмчийн эмнэл зүйн үзлэг хийв. Сэтгэл гутралыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 10 асуулт бүхий Эдинбургийн сорилоор үнэлж, нийт оноо 13-аас их үед сэтгэл гутралтай гэж үнэлсэн. Судалгааны мэдээллийг нэгтгэж, статистик боловсруулалтыг SPSS-24 программыг ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Бидний судалгаанд Улаанбаатар хотын нийт 4 дүүрэг, хөдөө орон нутгийн 11 аймгийн 18-46 насны нийт 1482 жирэмсэн эх хамрагдсаны дундаж нас нь 30.12±5.88 жил байлаа. Боловсролын хувьд 48.0% (n=712) нь дээд, 28.5% (n=432) нь бүрэн дунд боловсролтой байв. Гэр бүлийн байдлыг судалж үзэхэд эхчүүдийн 69.6% (n=1031) нь хууль ёсны гэр бүлтэйгээ, 23.1% (n=343) нь хамтран амьдрагчтай хамт амьдардаг байна. Харин үлдсэн хувь нь гэрлэлтээ цуцлуулаагүй ч тусдаа амьдардаг (3.9%, n=58), огт гэрлэж байгаагүй (2.7%, n=40), салсан болон бэлэвсэн (0.7%, n=10) гэсэн шалтгаанаар ганц бие жирэмсэн эхчүүд амьдарч байна. Бидний судалгаанд хамрагдагсдын 15.9% (n=235) нь сэтгэл гутралтай гэж оношлогдов. 40 болон түүнээс дээш настай эхчүүдтэй харьцуулахад 19 ба түүнээс доош насныхан 6.7 дахин (р=0.004), 20-24 насныхан 4.7 дахин (р=0.001), 25-29 насныхан 3.2 дахин (р=0.011), 3034 насныхан 3 дахин (р=0.012) их сэтгэл гутралд өртөж байна. Жирэмслэлтийг төлөвлөсөн жирэмсэн эхчүүдийг төлөвлөөгүй эхчүүдтэй харьцуулахад 0.6 дахин (р=0.007), одоогийн хүчирхийлэлд өртсөн жирэмсэн эхчүүдийг хүчирхийлэлд өртөөгүй эхчүүдтэй харьцуулахад 2.3 дахин (р=0.003), сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн жирэмсэн эхчүүд өртөөгүйтэй харьцуулахад 0.3 дахин (р=0.002), гэр бүлийн харилцааны хувьд тайван амгалан биш жирэмсэн эхчүүд тайван амгалан гэр бүлтэй эхчүүдээс 3.1 дахин (р=0.000) их жирэмсний сэтгэл гутралд өртөх магадлалтай байна. Дүгнэлт: Жирэмсэн эхчүүдийн сэтгэл гутралын тархал 15.9% байв. Жирэмсэн эхчүүдийн нас хэт залуу, хөдөө орон нутагт амьдарч байх, төлөвлөөгүй жирэмслэлт, хүчирхийлэлтэй орчинд амьдрах, ялангуяа сэтгэл санааны хүчирхийлэл, гэр бүлийн харилцаа тайван амгалан биш байх зэрэг нь жирэмсний үеийн сэтгэл гутрал үүсэхэд нөлөөлж байна.