Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хоншоорын араа бүлэг шүдийг хоншоорын хөндийн зарим шугаман үзүүлэлттэй харьцуулан судалсан дүн
    Үндэслэл: Хоншоорын араа бүлэг шүдний сурвалжийн орой болон хоншоорын хөндийн хоорондох ясны зузаан, хоорондын харьцаа нь нүүр ам судлалын эмнэл зүйд шүдний имплант суулгац суулгах болон нүүр амны гажиг заслын эмчилгээнд чухал ач холбогдолтой болохыг судлаачид тэмдэглэсэн байдаг. Энэ нь хоншоорын араа бүлэг шүдний сурвалжийн байрлалаас шалтгаалан хоншоорын хөндийн доод ханатай харьцах байдал харилцан адилгүй байдаг. Монгол улсад хоншоор эрүүний морфометрийн үзүүлэлтүүдийг тодорхойлсон судалгаа цөөнгүй боловч хоншоорын араа бүлэг шүдний байрлалтай уялдуулж нарийвчлан судалсан хэмжилт болон ангилалын талаарх судалгаа хангалтгүй байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Хоншоорын араа бүлэг шүд ба хоншоорын хөндийн зарим шугаман үзүүлэлттэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг ретроспектив судалгааны загвараар, 2021–2023 оны хооронд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нүүр Aм Судлалын Төв Шүдний Эмнэлэгт авсан КЦКТГ-ийн 30 ширхэг зургийг судалгаанд хамруулах болон хасах шалгуурын дагуу авч зураг бүрийг HDX, WILL (DENTRI, SEOUL, Korea) төхөөрөмжөөр авч, OnDemand3D (CyberMed, Seoul, Korea) программ хангамжийг ашиглан хэмжилтүүдийг хийсэн. Босоо харьцааг Kwak-ийн ангиллаар 5 төрөлд хуваасан. Судалгааг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооноос олгосон зөвшөөрлийн (2023/3-01-20) хүрээнд гүйцэтгэж, статистик боловсруулалтыг SPSS-27.0 программаар хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан шинжлүүлэгчдийн дундаж нас 26.87±8.56 жил ба эдгээрийн 12 нь эрэгтэй, 18 нь эмэгтэй байв. Нийт 30 ширхэг КЦКТГ зургаас 202 шүдний хоншоорын хөндийтэй харьцах харьцааг судалж үзэхэд нэгдүгээр бага араа шүдний бүлэгт I ангилал 77.4%, II–13.2%, V–9.4% байсан бол III ба IV ангилал илрээгүй. Харин хоёрдугаар бага араа шүдэнд I ангилал 44.8%, V–37.9%, II–17.2%, нэгдүгээр их араа шүдэнд V–62.3%, I–24.4%, II–6.7%, III–4.4%, IV–2.2%, хоёрдугаар их араа шүдэнд V–63.1%, I–23.9%, II–6.5%, III–6.5% тус тус байв. Хоншоорын шүдний сурвалжийн оройгоос хоншоорын хөндийн доод хана хүртэлх зайг судалж үзэхэд хоёрдугаар их араа шүдний хацар талын сурвалж хоорондын зай хамгийн бага буюу 0.67±1.36 мм, нэгдүгээр бага араа шүдний сурвалж хоорондын зай хамгийн хол буюу 5.14±4.32 мм (p<0.01) байв. Дүгнэлт: Хоншоорын араа бүлэг шүднээс хоншоорын хөндийн доод ханад хамгийн ойр байрласан нь хоёрдугаар их араа шүд, хамгийн хол байгаа нь нэгдүгээр бага араа шүд байв. Хоншоорын их араа шүдний хувьд V ангилал буюу сурвалж нь хоншоорын хөндийн ёроол руу түрж орсон хэлбэр давамгай тохиолдсон бол бага араа шүдний хувьд I ангилал буюу хоншоорын хөндийгөөс зайтай байх хэлбэр давамгайлж байгаа нь тодорхойлогдлоо.