Loading...
Азийн жамъянмядаг (trollius asiaticus l.) ургамлаас хүлхмэл эм бэлтгэх технологийн судалгаа
Зохиогч
Он
2024 оны дөрөвдүгээр сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
5
Start Page
104
End Page
109
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Монгол улсын хүн амын дунд амьсгалын замын өвчлөл (АЗӨ) нь хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны нэг болж байгаа төдийгүй 10000 хүн амд ногдох АЗӨ нь 1822.6 болж, сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад 283.9-өөр, өмнөх онтой харьцуулахад 1034.2-оор тус тус нэмэгдэж, нийт халдварт өвчний 39.0 хувийг эзэлж байгааг мэдээлсэн байна. Үүнээс үүдэлтэй энэхүү өвчинд хэрэглэх эмийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, тэр дундаа амьсгалын дээд замын өвчин, ханиад томуу, хоолойн өвдөлт намдаах зорилгоор ургамлын гаралтай хүлхмэл эмийн хэлбэрийг ихээхэн хэрэглэж байгаа талаар баримт байгаа хэдий ч манай улсад хийгдсэн хүлхмэл эм бэлтгэх технологийн судалгаа хомс байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол оронд ургадаг Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлаас гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчинд хэрэглэх хүлхмэл эмийн хэлбэр гарган авах. Арга, аргачлал: Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн болгон үндсэн түүхий эдээр 2023 оны 6 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 10-ны хооронд Төв, Архангай, Хөвсгөл зэрэг аймгуудын нутаг дэвсгэрээс түүж бэлтгэсэн Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлыг ашигласан. Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлын түүхий эдээс хэт авиагаар хандлах мацерацийн эрчимжүүлсэн хувилбараар шингэн ханд гарган авч, вакуум ууршуулагч аппаратанд органик уусгагчийг зайлуулан, хөлдөөн хатаах аппаратанд 4 цаг хөлдөөж, 20 цаг хатаан, хуурай хандыг гарган авав. Хүлхмэлийн чанарыг Хятад улсын фармакопейн IV-р ботинд агуулагдах хүлхмэл эмд тавигдах шаардлагын дагуу үнэлэв. Үр дүн: Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) ургамлын хуурай ханднаас хүлхмэл эмийн хэлбэр гарган авахад тохирох найрлагыг тогтоохын туслах бодисын хэмжээ болон төрлөөрөө ялган 5 загвар хүлхмэл эм бэлтгэн, харьцуулж үзсэн ба үндсэн бодисоор хуурай ханд 8.1 мг, туслах бодисоор нимбэгний хүчил 0.6 мг, ментол 5.4 мг, сахароз 1750 мг, карамелийг 750 мг-аар (F5 загвар) бэлтгэсэн хатуу хүлхмэл нь хамгийн тохиромжтой байв. Хатуу хүлхмэл эм бэлтгэх технологийн үе шат: хуурай ханд болон туслах бодисын тооцоог хийж, жинлэнэ. Чихрийн суурийг бэлтгэхдээ сахароз, карамелийн сиропоос 70:30 харьцаатай хийж 1200С хүртэл сахарозын ширхэггүй болтол нь халааж буцалгана. Суурийн температурыг хагас хөргөж, туслах бодисуудыг нэмж бэлэн болсон сууринд үндсэн үйлчлэгч бодисыг нэмж сайтар хольж уусгана. Үүний дараа хэвэнд цутган хөргөх ба хүлхмэл хатсаны дараа хэвнээс салгана. Дүгнэлт: Хатуу хүлхмэлийн F5 загвар нь найрлагын хувьд хамгийн тохиромжтой байлаа. Тохирох амт оруулагч бодисоор нимбэгний хүчил, ментол, суурь бодисоор сахароз, карамель сонгох нь тохиромжтой болохыг тогтоолоо. Ургамлын хуурай ханд ашиглан хатуу хүлхмэл эмийг бэлтгэх технологийн нарийн горимыг боловсрууллаа. Хатуу хүлхмэл нь гадна байдал, дундаж жин, жингийн хэлбэлзэл, үрэлтийн хүчинд бат бөх чанар зэрэг үзүүлэлтүүдийн чанарын шаардлагыг хангаж байв.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1065
Эшлэл
Ц.Маралмаа, Д.Шинэзаяа, Д.Жамбанинж, Д.Даваадагва, Д.Отгонсүрэн. Азийн жамъянмядаг (trollius asiaticus l.) ургамлаас хүлхмэл эм бэлтгэх технологийн судалгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(5):104-109.
