Loading...
Эмнэлзүйн дуураймал орчинд суурилсан сургалтын үр дүн
Зохиогч
Он
2026 оны дөрөвдүгээр сарын 16
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
3
Start Page
40
End Page
46
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Эмнэлзүйн дуураймал орчинд суурилсан сургалт нь эрүүл мэндийн мэргэжлийн боловсролын салбарт өргөн хэрэглэгдэх болсон орчин үеийн үр дүнтэй сургалтын арга юм. Энэхүү арга нь суралцагчдад онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлэх, эмнэлзүйн нөхцөл байдлыг үнэлэх, эмчилгээний зөв шийдвэр гаргах, багаар ажиллах зэрэг ур чадваруудыг аюулгүй, хяналттай орчинд хөгжүүлэх боломжийг олгодог онцлогтой. Сүүлийн жилүүдэд олон улсын судалгаанууд эмнэлзүйн дуураймал сургалт нь суралцагчдын эмнэлзүйн ур чадвар, өөртөө итгэх итгэл, харилцааны чадвар болон мэргэжлийн хандлагад эерэг нөлөө үзүүлдэг болохыг харуулсан байна. Гэсэн хэдий ч зарим сургалтын орчинд ялангуяа хөгжиж буй орнуудын анагаахын боловсролын салбарт эмнэлзүйн дуураймал сургалтын суралцах үр дүнд үзүүлэх нөлөөг харуулсан нотолгоо харьцангуй хомс хэвээр байна. Иймээс тухайн сургалтын аргын үр нөлөөг орон нутгийн сургалтын нөхцөлд үнэлэх шаардлага тулгарч байна. Зорилго: Эмнэлзүйн дуураймал орчинд суурилсан сургалтын аргыг оюутнуудын мэдлэг, эмнэлзүйн ур чадвар болон хандлагад үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд санамсаргүй түүврийн аргаар Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Хүний их эмчийн 3 дугаар дамжааны 4 хэсгийн нийт 45 оюутныг хамруулсан. Судалгаанд хамрагдсан оюутнуудыг сургалтын хэлбэрээс хамаарч эмнэлзүйн дуураймал орчны сургалтын бүлэг (n=20) оюутан, уламжлалт сургалтын бүлэг (n=25) болгон хуваасан. Мэдлэгийн түвшинг астмын шалтгаан, эмгэг жам, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээг агуулсан 18 сорилыг сургалтын өмнө болон дараа үнэлсэн. Дадлага хичээлийн дараа олж авсан мэдлэг, эмнэлзүйн ур чадвар, хандлагыг Лайкертийн үнэлгээ бүхий 21 асуумж авч, жижиг бүлгийн ярилцлагаар хичээлийг ойлгоход нөлөө үзүүлсэн зүйл болон бусад авч үнэлсэн. Асуумжийн найдвартай байдлыг Cronbach’s α=90.0% буюу өндөр дотоод нийцэлтэй байсан. Статистик боловсруулалтыг SPSS программыг ашиглан хийсэн. Бүлэг доторх сургалтын өмнө ба дараах мэдлэгийн өөрчлөлтийг харьцуулсан paired samples t-test, харин сургалтын дараах үр дүнг бүлгүүдийн хооронд харьцуулахад independent samples t-test ашиглан статистик боловсруулалт хийв. Үр дүн: Сургалтын дараа мэдлэгийн дундаж оноо статистик ач холбогдолтойгоор нэмэгдсэн байна Үүнд сургалтын өмнө 9.18±2.33-аас сургалтын дараа 10.47±2.31 болж нэмэгдсэн (p<0.001). Эмнэлзүйн дуураймал орчны сургалтын бүлэгт мэдлэгийн оноо 7.65±2.01-ээс 9.05±2.46 болж нэмэгдсэн бол хяналтын бүлэгт 10.40±1.80-ээс 11.60±1.41 болж өссөн (p=0.007). Сургалтын дараах харьцуулалтаар эмнэлзүйн дуураймал орчны бүлэг мэдлэг (36.70±3.73 vs 34.44±4.77) ур чадвар (11.35±1.69 vs 10.92±1.75) дундаж илүү байсан боловч статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй (p>0.05). Харин хандлагын оноо эмнэлзүйн дуураймал орчны сургалтын бүлэгт статистикийн ач холбогдолтойгоор өндөр байв. (43.35±3.60 vs 40.64±4.51, p=0.034). Дүгнэлт: Эмнэлзүйн дуураймал орчинд суурилсан сургалт нь оюутнуудын мэдлэг болон эмнэлзүйн ур чадварт эерэг нөлөө үзүүлэхээс гадна мэргэжлийн хандлагыг статистикийн ач холбогдолтойгоор сайжруулж байгааг энэхүү судалгаагаар харууллаа. Иймээс эмнэлзүйн сургалтын хөтөлбөрт эмнэлзүйн дуураймал орчинд суурилсан сургалтыг уламжлалт аргатай хослуулан хэрэглэх нь үр дүнтэй сургалтын стратеги байж болохыг энэхүү судалгаа харуулж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1653
Эшлэл
Д.Дэнсэнбал, Д.Ичинноров, С.Алтанчимэг, Э.Ариунбаяр, Э.Мөнхзаяа, Т.Баасандолгор нар. Эмнэлзүйн дуураймал орчинд суурилсан сургалтын үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(3):40-46.
