Loading...
Элэг өөхлөлтийн индекс ба зүрх судасны өвчний эрсдлийн түвшин хоорондын хамаарлыг судлах нь
Зохиогч
Он
2026 оны дөрөвдүгээр сарын 16
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
3
Start Page
64
End Page
69
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Бодисын солилцооны алдагдлын шалтгаант элэг өөхлөх өвчин (БСАШЭӨӨ) нь бодисын солилцооны хам шинжийн элэгний илрэл ба элэгний архаг өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд тооцогдож байна. Гэсэн хэдий ч зөвхөн элэгний эмгэгийн шалтгаан төдий бус, энэ бүлгийн хүн амд нас баралтын тэргүүлэх шалтгаан болох зүрх судасны өвчин (ЗСӨ)-ий эрсдэлийг нэмэгдүүлж буй гол хүчин зүйл юм. Зорилго: Элэг өөхлөлтийн индекс (Hepatic Steatosis Index, HSI)-ээр эрт илрүүлэгт хамрагдсан хүн амыг үнэлж, ЗСӨ-ий эрсдэлийн түвшинтэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг хүн амд суурилсан, ретроспектив, агшингийн загвараар 2023-2025 онд эрт илрүүлгийн хөтөлбөрт хамрагдсан 40─70 насны нийт 47542 оролцогчдыг хамруулав. Элэг өөхлөлт, БСАШЭӨӨий үнэлгээг HSI-ийг ашиглан хийж, оролцогчдыг HSI<30 элэг өөхлөлтгүй, 30-36 тодорхойлох боломжгүй, >36 элэг өөхлөлттэй гэсэн 3 бүлэгт ангилсан. HSI <30 бүлгийг суурь бүлэг болгож, бүлэг тус бүрд ЗСӨ-ий 10 жилийн эрсдлийн үнэлгээг ДЭМБ-аас Төв Азийн орнуудад зориулан боловсруулагдсан лабораторид суурилсан хүснэгтээр тооцов. Хамаарлыг логистик регрессийн шинжилгээгээр үнэлж, үр дүнг харьцуулсан харьцаа (OR), 95% итгэх интервалаар илэрхийлэв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 53.18±8.17 жил, 67.1% (31886) нь эмэгтэйчүүд байв. Нийт оролцогчдыг HSI-ийн үр дүн, элэг өөхлөлтийн байдлаар авч үзвэл HSI <30, 30─36, >36 бүлгүүдийн тархалт тус бүр 8.9% (4219), 32.1% (15271), 59.0% (28052) байв. ЗСӨ-ий эрсдлийн түвшингээр бага, дунд, өндөр эрсдэлтэй бүлгүүдийн тархалт тус бүр 48.6% (23115), 41.3% (19637), 10.1% (4790) байв. HSI <30 бүлэгт ЗСӨий эрсдлийн түвшин өндөртэй хүн ам 5.5%, харин HSI >36 бүлэгт 10.1% байв. Логистик регрессийн шинжилгээгээр HSI <30 бүлэгтэй харьцуулахад HSI 30─36 бүлэг (OR=1.333; 95% ИИ: 1.152–1.542), HSI >36 бүлэгт (OR=2.401; 95% ИИ: 2.094–2.753) ЗСӨ-ий эрсдэл өндөр байв. Үүнийг нас, хүйс, систолын даралт, бүсэлхийн тойрог, хөдөлгөөний хомсдол, тамхидалт зэргээр засварласны дараа ч статистик ач холбогдол хэвээр хадгалагдав. Дүгнэлт: Элэг өөхлөлтийн тархалт нийт судалгаанд хамрагдагсдын дунд 59.0 хувийг эзэлж байна. Элэг өөхлөлтгүй хүмүүстэй харьцуулахад өөхлөлт илэрсэн хүмүүст зүрх судасны өвчний эрсдэл 1.2 дахин өндөр байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1656
Эшлэл
Б.Нарангэрэл, Б.Батзориг, Д.Баярболд, Э.Хангай, Э.Оюунсүрэн, Я.Энхтөр нар. Элэг өөхлөлтийн индекс ба зүрх судасны өвчний эрсдлийн түвшин хоорондын хамаарлыг судлах нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(3):64-69.
