Loading...
Монгол оронд тархсан хеликобактерийн эмийн тэсвэржилтийг тодорхойлсон дүн
Зохиогч
Он
2026 оны дөрөвдүгээр сарын 16
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
3
Start Page
78
End Page
84
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Хеликобактери нь дэлхийн хүн амын талаас илүү хувьд тархсан, өргөн тархалттай халдвар үүсгэгч бичил биетэн бөгөөд түүний генетик онцлог, антибиотикт тэсвэржилтийн түвшин нь бүс нутгаас хамааран ихээхэн ялгаатай байдаг. CagA уургийн EPIYA хэв шинж нь бактерийн хоруу чанарт чухал үүрэгтэй боловч Монгол Улсад эдгээр генотип болон антибиотикт тэсвэржилтийн уялдаа холбоог судалсан мэдээлэл хязгаарлагдмал байна. Зорилго: Монгол оронд тархсан хеликобактерийн антибиотикт тэсвэржилтийн түвшин, CagA EPIYA хэв шинж болон кларитромицины тэсвэржилтийн цэгэн мутациудыг тодорхойлох Арга, аргачлал: Ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдсан 210 өвчтөнөөс авсан ходоодны биопсийн сорьцод хеликобактерийг өсгөвөрлөсөн. Антибиотикт мэдрэг чанарыг метронидазол, кларитромицин, амоксициллин, левофлоксацин, тетрациклин дээр нэвчүүлэн шингэрүүлэх аргаар EUCAST стандартын дагуу тодорхойлов. CagA EPIYA хэв шинжийг тогтоож, кларитромицины тэсвэржилтийн мутацийг (A2142C, A2142G, A2143G) бхПГУ аргаар илрүүлэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 210 сорьцын 86-д (41%) хеликобактери өсгөвөрлөгдөж, 61 шинжлэгдэхүүн амжилттай судлагдсан. CagA эерэг омог 86.9%-ийг эзэлж, барууны хэв шинж давамгай (52/53) байсан бол зүүн Азийн хэв шинж 1 тохиолдолд илэрсэн. Барууны хэв шинжийн дотор ABC (58.5%), ABCC (37.7%) хэв шинж зонхилж байв. Антибиотикт тэсвэржилтийн хувьд метронидазол (70.5%) хамгийн өндөр, дараа нь левофлоксацин (50.9%) байв. Кларитромицин болон амоксициллиний тэсвэржилт тус бүр 19.7% байсан бол тетрациклинд тэсвэржилт илрээгүй. Олон эмд тэсвэржилт (≥2 антибиотик) 45.9%, ≥3 антибиотикт тэсвэржилт 14.8%-д илэрсэн. Кларитромицины тэсвэржилтийн мутаци 21.3%д илэрч, ихэнх нь A2143G байсан. Нэвчүүлэн шингэрүүлэх арга болон бхПГУ аргуудын нийцэл маш өндөр (κ=0.95, p<0.001) байв. Дүгнэлт: Монгол оронд тархсан хеликобактерийн омог нь барууны хэвшинжийн CagA давамгайлж байгаа бөгөөд ABC болон ABCC дэд хэвшинж хамгийн түгээмэл тохиолдож байгаагаас гадна AAABC болон AAAAB хоёр дэд хэвшинж анх удаа тодорхойлогдлоо. Монгол оронд тархсан хеликобактери нь метронидазолд хамгийн их тэсвэржилт үүсгэсэн ба олон эмд тэсвэртэй хеликобактерийн эзлэх хувь их байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1658
Эшлэл
А.Оюунбаатар, Э.Гэрэлмаа, Б.Нармандах, Бергит Хенрих, Ч.Баттогтох, А.Аварзэд. Монгол оронд тархсан хеликобактерийн эмийн тэсвэржилтийг тодорхойлсон дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(3):78-84.
