Loading...
Липосом үүсгэх аргуудыг харьцуулсан судалгааны дүн
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
1
Start Page
57
End Page
61
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Липосом нь үйлчлэгч бодисыг бай эд, эсэд идэвхтэй болон идэвхгүй замаар хүргэснээр дагалдан илрэх гаж нөлөөг багасгах, эмийн чөлөөлөгдөлтийг зохицуулах боломжийг олгодог тул сүүлийн жилүүдэд эм зүйн салбарт өргөнөөр судлагдах болсон. Липосомыг үүсгэх олон арга байдаг бөгөөд тэдгээр аргууд нь липосомын үүсэлт, гарц болон үүссэн липосомын хэмжээ зэргээрээ хоорондоо ялгаатай байдаг. Липосом үүсгэх аргуудыг харьцуулан судалж тохиромжтой аргыг сонгосноор цаашид үйлчлэгч бодисыг зөөвөрлүүлэх, эмийн хэлбэрт оруулах боломжтой болох тул энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ. Зорилго: Липосом үүсгэх аргуудыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааны ажлыг лабораторийн туршилт судалгааны загвараар АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн “Эм зохион бүтээх лаборатори” болон “Эм шинжилгээний итгэмжлэгдсэн лаборатори”-ийг түшиглэн хийж гүйцэтгэсэн. Липосомыг үүсгэхдээ нимгэн үеэр гидратжуулах, этанол тарилгын, халаах аргыг ашиглан тус бүр 5 өөр концентрацитай дээж бэлтгэсэн. Дээж тус бүрд спектрофотометрийн аргаар фосфолопидийн концентраци болон липосомын гэрэл шингээлтийг тодорхойлов. Үүссэн липосомын хэмжээг нанофокс багажаар тодорхойлсон. Үр дүн: Фосфатидилхолиныг 5, 10, 20, 30, 40, 50 мкг/ мл концентрациар нэрмэл усанд уусган бэлтгэж спектрофотометрийн аргаар жишиг муруйг байгуулан липосомын дээж дэх фосфолипидийн концентрацийг тодорхойлов. Нимгэн үеэр гидратжуулах аргаар бэлтгэхэд 75 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 76.98%, этанол тарилгын аргаар бэлтгэхэд 50 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 85.17%, халаах аргаар бэлтгэхэд 50 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 58.45% байлаа. Дүгнэлт: 1. Этанол тарилгын аргаар бэлтгэсэн липосомын үүсэлт бусад аргуудтайгаа харьцуулахад өндөр байв. 2. Этанол тарилгын аргаар бэлтгэхэд липосомын хэмжээ 115 нм байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/51
Эшлэл
Ж.Халиун, Т.Ариунгэрэл, Д.Буянхишиг, Д.Жамбанинж. Липосом үүсгэх аргуудыг харьцуулсан судалгааны дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(1):57-61.
