Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Бүдүүн гэдэсний хавдрын эрт илрүүлэгт эрсдэлийн оноог хэрэглэсэн үр дүн
    (2026-05-22)
    Ц.Тэмүүлэн
    ;
    Г.Сарантуяа
    ;
    Х.Оюунцэцэг
    ;
    Б.Сугар
    ;
    Үндэслэл: Монгол Улсын хүн амын 2024 оны эрүүл мэндийн үзүүлэлтийн тайлан мэдээгээр шинээр бүртгэгдсэн нийт хорт хавдрын 5.1%-ийг бүдүүн гэдэсний хорт хавдар (БГХХ) эзэлж, 74.1% нь хожуу үе шатанд оношлогдож байна. БГХХ-ын урьдал эмгэг болох ургацаг нь ихэвчлэн ойролцоогоор 8-12 жилийн хугацаанд эсийн хувиралт, өөрчлөлт явагдаснаар БГХХ-т шилждэг. БГХХ-ын тавилан нь хавдрын үе шатаас хамааралтай ба хавдрын урьдал үе удаан үргэлжилдэг ба эрсдэлт хүн амд суурилсан, үр дүнтэй эрт илрүүлгийг хийх шаардлагатай байна. Манай оронд хүн амын эрт илрүүлгийн бодлого хэрэгжиж эхэлсэн хэдий ч хязгаарлагдмал нөөцийг үр дүнтэй зарцуулах боломжийг бүрдүүлдэг, олон улсын эрт илрүүлгийн аргад түгээмэл ашиглагдаж буй Ази-Номхон далайн бүдүүн гэдэсний хорт хавдрын эрт илрүүлгийн эрсдэлийн оноо (APCS-scoring system - The AsiaPacific Colorectal Screening)-ны систем, түүний босго утгыг тогтоосон, эмнэлзүйн ач холбогдлыг судалсан судалгаа хийгдээгүй байна. Зорилго: APCS онооны системын сайжруулсан хувилбарыг боловсруулж, эрт илрүүлэгт хэрэглэн эмнэлзүйн ач холбогдолыг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг эмнэлэгт суурилсан, проспектив, агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. 2024 оны 12 сараас 2026 оны 04 сарын хугацаанд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Монгол-Японы эмнэлгийн амбулаторийн тасгаар үйлчлүүлэн судалгааны шалгуур хангасан 447 оролцогчидод биеийн өндөр, биеийн жингийн хэмжилт хийж, 6 бүлэг асуумж (хүн амзүйн ерөнхий мэдээлэл, APCS эрдэлийн онооны асуумж, зан үйлийн асуумж, өвчний түүх, эмийн хэрэглээ) авсан ба судалгааны явцад бүдүүн гэдэсний дуран хийлгэхээс 11 хүн татгалзаж, 436 оролцогчдод бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ, шаардлагатай тохиолдолд эмгэг бүтэцзүйн шинжилгээг хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт 436 хүн хамрагдаж, 282 эмэгтэй (64.7%), дундаж нас 54.8±11.5 жил байв. Судалгаанд оролцогчдын 199 (45.6%) бүдүүн гэдэсний аденома ургацаг ба БГХХ оношлогдсон. Үүний 43 (21.6%) нь бүдүүн гэдэсний хожуу үеийн неоплази байв. Олон хүчин зүйлсийн регрессийн шинжилгээгээр бүдүүн гэдэсний хожуу үеийн неоплази үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс нь ≥55 нас (OR 4.8), БЖИ 28кг/м2 (OR 3.6), удамшлын өгүүлэмж (OR 3.1), нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. Бүдүүн гэдэсний хожуу үеийн неоплази өөрчлөлтийг илрүүлэх mAPCS онооны системийн босго утга 4 бөгөөд мэдрэг чанар 97.7%, өвөрмөц чанар 35.6% байна. Дүгнэлт: Бүдүүн гэдэсний хожуу үеийн неоплазийн бие даасан эрсдэлт хүчин зүйлсийг ≥55 нас, БЖИ ≥28 кг/м² болон бүдүүн гэдэсний хорт хавдрын удамшлын өгүүлэмжтэй байх гэж тогтоолоо. mAPCS эрсдэлийн онооны системийн босго утга ≥4 үед хожуу үеийн неоплазийг илрүүлэх мэдрэг чанар өндөр (97.7%), өвөрмөц чанар (35.6%), сөрөг таамаглах утга (99.2%) эерэг таамаглах утга (14.2%) байв. Иймд mAPCS онооны системийг бүдүүн гэдэсний хожуу үеийн неоплазийн эрт илрүүлэгт хэрэглэснээр хязгаарлагдмал нөөцийг зөв хуваарилах, үр дүнтэй эрт илрүүлэг хийх боломжтой арга гэж үзэж байна.