Loading...
Эрүүл мэндийн нийгмийн ажлын бакалаврын хөтөлбөрийн үнэлгээ: хөтөлбөрийг шинэчлэх хэрэгцээ
Зохиогч
Он
2026 оны дөрөвдүгээр сарын 16
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
3
Start Page
34
End Page
39
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: ЭМНА бакалаврын хөтөлбөрөөр эзэмшүүлэх цогц чадамжийг анх 2016 онд боловсруулж, 2023 онд Фулбрайт мэргэжилтний хөтөлбөрийн хүрээнд нийгмийн ажлын эксперттэй хамтран, АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн нийгмийн ажлын бакалаврын хөтөлбөрийн цогц чадамж, Монгол дахь ЭМНА хөтөлбөрийн онцлогтой уялдуулан шинэчлэн боловсруулсан. Тус цогц чадамж нь “Эрүүл мэндийн салбарт хүн төвтэй, цогц эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх, бэхжүүлэх нийгмийн ажилтнуудыг бэлтгэх” бакалаврын сургалтын зорилгын хүрээнд 9 ерөнхий, 40 дэд чадамжаас бүрдэж байна. Одоогийн бакалаврын хөтөлбөрийг /2016/ шинэчлэн боловсруулсан цогц чадамжтай уялдуулан сайжруулах хэрэгтэй байна. Зорилго: ЭМНА-ын бакалаврын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулсан цогц чадамжтай харьцуулж, сайжруулах чиглэлийг тодорхойлох Арга, аргачлал: ЭМНА хөтөлбөрийн 30 (Ерөнхий суурь 6, Мэргэжлийн суурь 9, Мэргэшүүлэх 12, Дадлага 3) хичээлийг сонгон шинэчилж боловсруулсан 9 цогц чадамжид тулгуурлан агуулгын шинжилгээ, хөтөлбөрийн зураглал хийх аргыг ашигласан. Зураглал хийх арга нь хөтөлбөрөөр эзэмшүүлэх цогц чадамжийг хичээл тус бүрээр мэдлэг, чадварыг I-танилцуулах, A-ашиглах, M-үнэлэх гэсэн 3 түвшинд харгалзуулан шинжилсэн. Судалгааны боловсруулалтад Nvivo программ ашиглав. Үр дүн: ЭМНА хөтөлбөрийн 30 хичээлд үнэлгээ хийж шинээр боловсруулсан 9 цогц чадамжтай харьцуулахад (нөхцөл байдалд үнэлгээ хийх), (хувь хүн, гэр бүл, бүлэг, олон нийт, байгууллагад интервенц хийх), (нийгмийн ажлын үйлчилгээг хүргэхдээ оролцоо, ялгаатай байдлыг хангах) цогц чадамжууд хангалттай тусгагдсан. Харин (хувь хүн, гэр бүл, бүлэг, олон нийт, байгууллагад үзүүлсэн интервенцийг үнэлэх), (нийгмийн бодлогын үйл явцад оролцох) цогц чадамжууд хичээлийн хөтөлбөрт бага тусгагдсан байв. Шинэчилсэн 40 дэд цогц чадамжаас хөтөлбөрт огт тусгагдаагүй, хангалтгүй тусгагдсан 11 дэд цогц чадамж байв. Хөтөлбөрийн зураглалаар сонгогдсон хичээлийн 38% нь танилцуулах түвшинд, 60% нь ашиглах түвшинд, 2% нь үнэлэх түвшинд байна. Мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлийн суралцахуйн үр дүнгийн түвшин нь танилцахаас ашиглах руу чиглэлтэйгээр ахиж байна. Дүгнэлт: Шинэчлэгдсэн цогц чадамжууд нь одоогийн сургалтын хөтөлбөртэй нийцэж байгаа боловч, үйлчилгээг үнэлэх болон бодлогын үйл ажиллагаанд оролцох чиглэлүүдийг цаашид илүү нэмэгдүүлэх шаардлагатай байна. Одоогийн бакалаврын хөтөлбөрийн суралцахуйн үр дүнд танилцуулах болон ашиглах түвшин зонхилж байгаа тул цаашид үнэлэх түвшнийг нэмэгдүүлж, хөтөлбөрийн шинэчлэлдээ тусгах хэрэгцээ байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1652
Эшлэл
М.Сугармаа, Т.Ундармаа, Х.Нансалмаа, Г.Надмидцэрэн, Г.Золжаргалан. Эрүүл мэндийн нийгмийн ажлын бакалаврын хөтөлбөрийн үнэлгээ: хөтөлбөрийг шинэчлэх хэрэгцээ. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(3):34-39.
