Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 7 of 7
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Архины бус шалтгаант элэгний өөхлөлт болон бичил бүтцийн фиброзон өөрчлөлтийг харьцуулан судалсан дүн
    (2025-05-05)
    М.Сувд
    ;
    ;
    О.Энхээ
    ;
    Б.Онон
    ;
    Б.Ган-Эрдэнэ
    Үндэслэл: Өнөө үед архины бус шалтгаант элэг өөхлөх өвчний хүндрэлээс шалтгаалсан элэгний өвчлөл зүүн өмнөд азийн оруудад улам нэмэгдэх хандлагатай байна. Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчин (АБШЭӨӨ) нь согтууруулах ундааны хэрэглээ бага эсвэл огт хэрэглэдэггүй хүмүүсийн элэгний бичил бүтцийн липидийн хуримтлалаар тодорхойлогддог элэгний эмгэг юм. АБШЭӨӨ нь инсулины дөжрөлтэй холбоотой элэгний өөхөн хуримтлал бөгөөд эдийн шинжилгээгээр элэгний эсийн 5-аас бага хувьд өөх хуримтлагдах эсвэл MRI шинжилгээнд 5.6%-иас бага нягтаршилтай өөхөн хэсэг илрэх эсвэл MRI шинжилгээнд өөх ба усны тоон харьцаагаар үнэлэгдэн тодорхойлогддог болохыг тогтоожээ. Манай оронд хөлдөөсөн зүслэг дээр гистологийн энгийн болон тусгай будгийн аргаар хийгдсэн туршилт судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчний үед хөлдөөсөн эдэд өөхлөлтийн зэрэг болон фиброзын зэргийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн Био-АС-ийн Анатомийн тэнхим, АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэн болон Улсын хоёрдугаар төв эмнэлгийг түшиглэн хийж гүйцэтгэв. АШУҮИСийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооноос судалгааны ажлыг эхлүүлэх ёс зүйн зөвшөөрөл авсны дагуу лабораторид ажиллах аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг чанд мөрдөн хийж гүйцэтгэв. УХТЭ-т төлөвлөгөөт хагалгаагаар цөсний хүүдий авах мэс ажилбарт орсон хүмүүсээс таниулсан зөвшөөрөл авч хамруулах шалгуур үзүүлэлтийн дагуу, эрүүл бүлэг, архины бус шалтгаант элэг өөхлөлттэй (n=2), фиброз өөрчлөлттэй (n=2) хүнийг сонгосон. Дурангийн хагалгаанд орж буй хүмүүсээс хагалгааны явцад элгэнд хатгалт хийж эдээс 1 сантиметр орчим хэмжээтэйг авч тэр дор нь шингэн азотоор гүн хөлдөөж, бичил бэлдмэл бэлдэн бүтцийг судлалаа. Үр дүн: Архины бус шалтгаант элэгний өөхлөлтийн бичил бүтцийг эрүүл бүлгийн элэгний бичил бүтэцтэй харьцуулахад элэгний эсийн баганан бүтэц алдагдсан, перипортал лимфоцитийн нэвчдэс бага зэрэг илэрсэн. Тосон улаан О будгаар будаж үзэхэд 34-66%-д жижиг ба том дусалт өөхөн хувирал илэрч элэг өөхлөлтийн 2-р шат тодорхойлогдлоо. Харин трихром массоноор будаж үзэхэд перивенул ба перипорталд холбогч эдэн өөрчлөлт илэрсэнгүй (Ishak grade 0/4) байна. Архины бус шалтгаант элэгний өөхлөлтийн 3-р шатанд шилжихэд перивенул ба перипорталд холбогч эдэн өөрчлөлт 1-р шат илэрч (Ishak grade 1/4) байлаа. Харин холбогч эдэн өөрчлөлтийн 3 шатнаас холбогч эдэн таславчийн өөрчлөлт нэмэгдэж 4-р шатанд шилжихэд жижиг том өөхөн дуслын хэмжээ өөрчлөлт илэрсэнгүй. Дүгнэлт: 1. Элэгний холбогч эдэн өөрчлөлтийн үе шат ихсэхэд архины бус шалтгаант элэгний өөхлөлт шууд нөлөө үзүүлэхгүй байгаа нь тодорхойлогдлоо. 2. Архины бус шалтгаант элэгний өөхлөлтийн зэрэг нэмэгдсэн хэдий ч холбогч эдийн өөрчлөлт илрэхгүй байгаа нь тодорхойлогдлоо.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хусны онгол (Inonotus obliquus)-ын усан хандны үйлчлэлийг чихрийн шижинтэй хулганы нойр булчирхайн дотоод шүүрлийн хэсэгт судалсан дүн
    (2024-05-13) ; ;
    Г.Батмөнх
    ;
    С.Баасансүрэн
    ;
    Х.Пүрэвсүрэн
    Үндэслэл: Чага буюу хусны онгол нь хус модонд ургадаг шимэгч мөөг бөгөөд ардын анагаах ухаанд олон өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг. Хусны онголын хавдрын эсрэг болон антиоксидант идэвхийн судалгаа олон хийгддэг, мөн антигипергликемик идэвхитэй болохыг нийтэлсэн байдаг. Манай орны хувьд өөрийн оронд ургадаг хусны онголын чихрийн шижинд үзүүлэх нөлөөг судалсан судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Аллоксанаар үүсгэсэн чихрийн шижинтэй хулганы нойр булчирхайн дотоод шүүрлийн хэсэгт хусны онголын усан хандны үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: C57BL/6 үүлдрийн 20±2 грамм жинтэй 112 хулганад (200мг/кг тунгаар) Аллоксан моногидратыг хэвлийн хөндийд нэг удаа тарьж, чихрийн шижингийн эмгэг загварыг үүсгэн хусны онголын усан ханд (500мг/кг) болон инсулатардаар (0.6ОУН) 4 долоо хоног эмчилж, нойр булчирхайн эдийн бүтцийг үнэлсэн. Үр дүн: Хусны онголын усан ханд болон инсулатард хэрэглэснээр чихрийн шижинтэй хулгануудын нойр булчирхайн бичил бүтцийн шинжилгээгээр хусны онгол уулгасан бүлэгт Лангергансын арлын эсийн хэмжээ хэвийн болж, бүтэц хадгалагдсан үр дүнтэй байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: Хусны онголын усан ханд нь аллоксаны чихрийн шижинтэй хулганы нойр булчирхайд гарсан эсийн гэмтлийг бууруулж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Шагай болон шагайн доод үений бүтэц түүний гэмтлийн талаар хийгдсэн судалгааны тойм
    (2026-05-22) ;
    Г.Болормаа
    ;
    ;
    Д.Анужин
    ;
    Үндэслэл: Шагайн үений холбоосны анатомийг судлах нь үений тогтвортой байдал, тэнхлэг, хөдөлгөөнд холбоосны гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны харилцан хамаарал төдийгүй хөдөлгөөн засалч мэргэжилтний сургалт, судалгаанд лавламж хэмжээ, гэмтэл согог судлалын практикт анхдагч тоон мэдээлэл болдог. Эмнэлзүйн практикт үений бэртэл, гэмтлийг зөв оношлох, эмчлэх, гэмтлийн механизмыг ойлгох үндэс суурь болдог.1,2 Шагайн үений гэмтэл нь нийтлэг тохиолддог гэмтэл бөгөөд шагайн гэмтлийн 85 хувийг шагайн холбогч эд болон шөрмөсний гэмтэл эзэлдэг байна.3 Манай орны хувьд шагайн үений гэмтлийн 81.1% нь шинэ, 9.4% нь анхны гэмтэлтэй адил дахисан, 8.1% нь өмнөх гэмтэл дахисан, 0.7% шалтгаан тодорхойгүй байдаг.4 Гэмтлийн механизмаас хамааран тодорхой холбоос болон холбогч эдийг гэмтээж болно.5 Шагайн холбоосны гэмтэл нь шагайн цочмог өвдөлтийн хамгийн түгээмэл шалтгаан болдог. Шагайн архаг өвдөлт нь шагайн холбоосны аль нэг нь бүтцийн алдагдалд хүргэдэг байна.6 Тиймээс бид тойм судалгааг нэгтгэж, холбоосын анатомийн бүтэц, байрлалын онцлогоос шалтгаалан эмнэлзүйд зонхилон тохиолдох гэмтлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх боломжийг судлах нь судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Гаргалгааны аргаар шагай болон шагайн доод үений хэвийн бүтцийг тодорхойлсон болон үений гэмтлийн талаар хийгдсэн судалгааны ажлуудыг тоймлох. Арга, аргачлал: Судалгааны эх сурвалжуудад хайлт хийхдээ эрдмийн бүтээлийг сонгох шалгуурыг боловсруулан Thomson Reuters, Pubmed central database, google scholar, Web of science мөн Эрүүл мэндийн хөгжлийн төв, гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистик мэдээ баримт, өгөгдлийг сонгон тоймын стандартын дагуу чанарын үнэлгээ хийж ankle joint, subtalar joint, шагай болон шагайн доод үений гэмтэл зэрэг түлхүүр үгийн хослолоор хайлт хийж сонгов. Цахим эх сурвалжид нийтлэгдсэн шагай болон шагайн доод үе, үений гэмтлийн талаар судалсан бүтээлүүдийн тоймтой эх зохиол судлалын аргаар танилцаж тойм өгүүллийг боловсруулав. Бид нийт 330 гаруй бүтээлийг олж тогтоосон бөгөөд эдгээрээс гаргалгааны аргаар шагай, шагайн үений хэвийн бүтцийг тодорхойлсон болон үений гэмтлийн талаар хийгдсэн голлох хамаарал бүхий нийт 34 эх бүтээлийг хамруулсан болно. Үр дүн: Шагайн үе нь шагайт чөмгөний доод үзүүрийн үений гадаргуу болон шагай ясны булын хооронд үүсдэг. Хөндлөн тэнхлэгээр өлмий, у л р у у нугалах хөдөлгөөн хийнэ. Шагайн үеэр өлмий рүү нугалах хөдөлгөөний далайцын хэвийн хэмжээ 300 хэм, ул руу нугалах хөдөлгөөний далайцын хэвийн хэмжээ 500 хэм байна. Шагайн доорх үе нь шагай ба өсгийн ясны үений хойд гадаргуунууд болон өсгийтэй нийлэх үений хойд гадаргуу хоёрын хооронд үүсдэг. Шагайн доод үеэр саггиталь тэнхлэгээр тавхайгаар дотогш эргэх хөдөлгөөний далайцын хэвийн хэмжээ 350 хэм , гадагш эргэх хөдөлгөөний далайцын хэвийн хэмжээ 200 хэм байна. 7 Шагайн холбооснуудыг анатомийн байрлалаар нь гадна холбоос, дотно холбоос, шаант тахилзуурын доод синдесмоз холбоос гэж н ь 3 бүлэг болгоно.8,9 Шагай, шагайн доорх үений холбоосны гэмтлийн хамгийн түгээмэл шалтгаан нь тавхай дотогш хэт эргэх хөдөлгөөн байдаг. Тавхай дотогш хэт эргэх нь үений уутны гэмтэл, гадна дотно дагуу зэрэгцээ холбоос, шаант тахилзуурын холбоосны гэмтэл хүргэдэг. Мөн шагайн үеэр өлмий рүү, ул руу хэт нугалах нь ихэвчлэн хашлага хоорондын хойд холбоос, шагайн хүзүүний остеохондраль бүс, шаант ясны урд доод ирмэг зэрэг бүтцэд гэмтэл учруулдаг байна.5,10,11 Дүгнэлт: Шагайн үений бүтцийг цогцоор нь судалснаар гэмтлийн механизмыг бүрэн тайлбарлах үндэс суурь болно. Цаашид манай улсад гаргалгааны арга, дүрс оношлогоонд суурилсан биомеханикийн хосолмол судалгаа хийх, эмнэлзүйн үр дүнтэй уялдуулсан, стандартчилсан үнэлгээний протокол боловсруулах шаардлагатай гэж үзэж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    АШУҮИС-ийн нэгдүгээр дамжааны суралцагчдын Анатомийн хичээлийн сургалтын сэтгэл ханамжийн судалгаа
    Үндэслэл: Эмч мэргэжилтнийг бэлтгэх анагаах ухааны боловсролын тулгуур нь суурь шинжлэх ухааны мэдлэг бөгөөд энэ нь эмнэлзүйн сэтгэлгээ, оношилгоо-эмчилгээний шийдвэр гаргалтын үндсийг бүрдүүлдэг. Анатомийн хичээл нь их эмч бэлтгэх хөтөлбөрийн үндсэн суурь хичээлийн нэг болдог ба суралцагчдын суурь мэдлэг, эмнэлзүйн сэтгэлгээ үүсэж төлөвшихөд шууд нөлөө үзүүлдэг. Анагаахын суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдаар анатомийн хичээлийг үнэлүүлэх замаар сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулахад нотолгоонд суурилсан үндэслэл хэрэгтэй байсан нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Анагаахын суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдын Анатоми-1 хичээлийн сэтгэл ханамжийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар 2025-2026 оны хичээлийн жилийн 1-р улиралд хийж гүйцэтгэв. АШУҮИС-ийн БиоАС-ийн Анагаахын суурь боловсролын нэгдүгээр дамжааны нийт 289 суралцагчдаас хүн ам зүйн 3, ерөнхий сэтгэл ханамжийн 20, нээлттэй 1 нийт 24 асуулт (асуулт бүр 5 онооны Ликертийн хэмжүүртэй) бүхий асуумжийн хуудсаар мэдээлэл цуглуулсан. Мэдээллийг SPSS-23.0 програмаар дескриптив статистик, хоёр түүврийн t-тест, ANOVA, Пирсоны корреляци, хүчин зүйн шинжилгээ (factor analysis) ашиглан боловсруулав. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 14.2% нь эрэгтэй, 85.8% нь эмэгтэй байсан бөгөөд TAM 10.38%, TMS 17.30%, MDS 44.29%, PDS 13.15%, DSS 14.88%-ийг эзэлж байв. Ерөнхий сэтгэл ханамжийн түвшин 4.59±0.66 буюу сайн түвшинд байв. Эдгээрээс “Багш нарын мэргэжлийн мэдлэг, ур чадвар сайн” хамгийн өндөр үнэлгээ (DSS, 4.91±0.37), харин хамгийн бага үнэлгээ нь “Оюутны мэдлэг, ур чадварыг бодитой, шударга үнэлдэг” (PDS, 4.16±0.75) үзүүлэлтэд ноогдов. Асуумжийн дотоод нийцлийн коэффициент α=0.909 гарч, найдвартай байдал маш сайн түвшинд байв. Пирсоны корреляцийн шинжилгээгээр багш оюутны үзэл бодлыг хүндэтгэх (Q4), багшийн харилцаа хандлага (Q5), мэргэжлийн ёс зүй (Q6) хооронд хүчтэй эерэг хамаарал (r=0.787; r=0.755; p<0.01) ажиглагдсан. Хүчин зүйн шинжилгээгээр KMO=0.865, Bartlett’s test p=0.000 байсан тул нийт 20 асуултыг “Багшийн мэргэжлийн ур чадвар” болон “Сургалтын орчин, зохион байгуулалт” гэсэн 2 хүчин зүйлд хувааж, нийт вариацийн 58.74%-ийг тайлбарлав. Дүгнэлт: Судалгаанд оролцсон Анагаахын суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдын ерөнхий сэтгэл ханамж сайн түвшинд байгаа нь тодорхойлогдлоо. Багшийн мэргэжлийн ур чадвар, сургалтын орчин, зохион байгуулалт суралцагчдын сэтгэл ханамжид нөлөөлж байсан ба нийт үр дүнгийн 58.74%-ийг тайлбарлаж байв. Мэргэжлийн ёс зүйг баримталж, оюутнуудын үзэл бодлыг хүндэтгэж, адил, тэгш хандах нь багшийн мэдлэг, мэргэжлийн ур чадвараас хамаарч байгаа нь тогтоогдлоо.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Эрүүл мэндийн суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдын Анатомийн хичээлийн сургалтын үнэлгээ
    Үндэслэл: Хүний биеийн эрхтэн тогтолцооны бүтцийн талаарх ерөнхий суурь ойлголтыг олгох хөтөлбөрийн Эм зүй, Био-Анагаах судлал, Эрүүл ахуйн тархвар судлал, Нийгмийн эрүүл мэнд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй эрүүл мэндийн хоол зүйч бэлтгэх хөтөлбөрийн бакалаврын сургалтын мэргэжлийн суурь хичээл юм. Суралцагчдын сэтгэл ханамж нь анагаахын боловсролын чанарыг хэмжих чухал шалгуур төдийгүй төгсөгчдийн мэдлэг, ур чадвар, хандлагад нөлөөлдөг ул энэ чиглэлээр тогтмол судалгаа шинжилгээ хийх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болно. Зорилго: Эрүүл мэндийн суурь боловсролын нэгдүгээр дамжааны анатомийн сургалтын хөтөлбөрт суралцагчдын сэтгэл ханамжийн түвшин болон түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, сургалтын чанарыг сайжруулах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар 2025 оны 9 дүгээр сараас 2026 оны 2 сарын хооронд АШУҮИС-ийн БиоАнагаах судлаач, Эм зүйч, Эрүүл мэндийн тархвар судлаач, Нийгмийн эрүүл мэнд судлаач, Эрүүл мэндийн мэдээлэл технологич, Уламжлалт анагаахын засалч зэрэг хөтөлбөрийн I-р дамжааны 182 оюутны дунд судалгааг хийж гүйцэтгэв. Суралцагчдын анатомийн хичээлийн чанарт өгч буй сэтгэл ханамжийг 24 асуулт бүхий асуумжаар үнэлэн дүгнэсэн. Өгөгдлийг SPSS-26,0 программ ашиглан боловсруулж, дескриптив статистик, хамраалгүй хоёр бүлгийн t-шинжилгээ, нэг хүчин зүйлт дисперсийн шинжилгээ (ANOVA), Пирсоны корреляци, хүчин зүйлийн шинжилгээ болон олон хувьсагчийн регрессийн шинжилгээ хийв. Статистикийн хувьд p<0.05 үед ач холбогдолтойд тооцсон. Үр дүн: Бидний судалгааны үр дүнгээр сэтгэл ханамжийн найдвартай байдал маш өндөр (Cronbach`s α=0.928) байв. Нийт оролцогчдын ерөнхий сэтгэл ханамжийн дундаж үнэлгээ 4.61±0.67 байв. Түүнчлэн нийт сэтгэл ханамжийн үнэлгээ хүйсийн ялгаагаар зөрүүгүй байв (p>0.05). Олон хүчин зүйлийн шинжилгээгээр сургалтын чанарын үнэлгээнд нөлөөлөх хоёр үндсэн хүчин зүйл илэрсэн (KMO=0.894; Bartlett-ийн тест p<0.001) ба эдгээр нь нийт вариацийн 52.73%-ийг тайлбарлаж байв. Нэгдүгээр хүчин зүйл нь “Багшийн мэргэжлийн чадвар, харилцаа, хандлага, үнэлгээ” байсан бол хоёрдугаар хүчин зүйл нь “Сургалтын зохион байгуулалт, орчин, сургалтын материал” байв. Мөн корреляцийн шинжилгээний дүнгээр сургалтын зохион байгуулалт сайн байдал, багшийн оролцоо зэрэг нь суралцагчдын сэтгэл ханамжид эерэг хамааралтай болох нь тогтоогдов (p<0.01). Дүгнэлт: АШУҮИС-ийн Эрүүл мэндийн суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдын анатомийн хичээлд өгсөн сэтгэл ханамж нь багшийн мэргэжлийн ур чадвар, ёс зүй, харилцаа хандлага, бодитой шударга үнэлгээ нөлөөлдөг бөгөөд мэргэжлийн ёс зүйг баримтлах, суралцагчидтай зөв боловсон харилцах нь түүний мэдлэг, мэргэжлийн ур чадвараас хамааралтай болох нь тодорхойлогдлоо.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Лейкемийн эсийн өсгөврийг саатуулах апигетрины үйлдлийн судалгаа
    (2025-05-05) ;
    О.Энххишиг
    ;
    ;
    Б.Өлзийсайхан
    ;
    Үндэслэл: Хавдрын эсрэг үйлдэлтэй бага молекулт нэгдлийн судалгаа хавдрын эсэд сонгомол нөлөөтэй эсэх, эсийг үхүүлж буй үхлийн төрөл, идэвхжүүлж буй дохио дамжилтын зам, бай молекул, үйлчлэх механизмийг тайлбарлах зэрэг олон үе шаттай хийдэг. Хавдрын эсрэг үйлдэлтэй ургамлын гаралтай нэгдлүүдээс флавоноид нь ялган авахад хялбар бөгөөд хоол хүнсэнд ихээр агуулагддаг. Түгээмэл тархсан флавоноидын төлөөлөгч апигетрин буюу апигенин-7-О-глюкозид нь ургамлын хоёрдогч метаболит бөгөөд өмнөх судалгаагаар хавдрын эсрэг сонгомол индекс 13.1 байсан. Лейкемийн эсийн өсгөврийг саатуулах сонгомол үйлдлийн механизм тодорхойгүй байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Лейкемийн эсийн өсгөврийн саатуулах апигетрины үйлдлийг судлах. Арга, аргачлал: Эсийг апоптозоор үхүүлж буй эсэхийг урсгал эс тоолох аргаар, каспаз уургийн хориглогч ашиглан каспазын замын оролцоог үнэллээ. Үр дүн: Лейкемийн RAW264.7 эсийг 30 мкМ апигетринээр үйлчлэж 24, 48 цаг өсгөвөрлөсний дараа апоптозыг илрүүлэх Annexin V, PI цомгоор будаж урсгал эс тоолуураар шинжлэхэд апоптозид орсон эс илэрсэнгүй. Апигетринээр үйлчлэхээс 30 минутын өмнө панкаспаз ингибитор Z-VAD-аар үйлчилж 24 цаг өсгөвөрлөсний дараа МТТ урвалжаар амьд эсийн тоог харьцуулан шинжлэхэд апигетрины RAW264.7 эсийн өсгөврийг саатуулах үйлдлийг панкаспаз ингибитор бууруулахгүй байлаа. Эерэг хяналтын бүлэгт эсийг апоптозоор үхүүлдэг доксорубициныг ашигласан бөгөөд энэ бүлэг эсийн апоптоз илэрсэн төдийгүй каспаз ингибитор эсийн өсгөвөр саатуулах идэвхийг бууруулж байлаа. Иймд апигетрин цитотоксик бус харин цитостатик буюу эсийн мөчлөгийг саатуулах үйлдэлтэй байх магадлалтай. Цаашид апигетринээр үйлчилсэн RAW264.7 эс мөчлөгийн аль үед байгааг тодорхойлж, эсийн мөчлөгт оролцдог дохио дамжилтын замыг судлах шаардлагатай. Дүгнэлт: Апигетрин RAW264.7 лейкемийн эсийн өсгөврийг каспаз уургийн оролцоогүйгээр мөн апоптозын бус замаар саатуулж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Харшлын болон хатингарт ринитийн үеийн салст бүрхүүлийн өөрчлөлтийг судалсан дүн
    (2026-05-22)
    Б.Бямбадорж
    ;
    Д.Анужин
    ;
    ;
    Т.Марал
    ;
    А.Долгорсүрэн
    Үндэслэл: Архаг ринитийн харшлын болон хатингарт хэлбэр нь хүн амын дунд түгээмэл тохиолддог бөгөөд архаг даамжрах явцтай, цаашид тархалт нь өсөн нэмэгдэх хандлагатай байна. Манай оронд хийгдсэн судалгаагаар Улаанбаатар хотын насанд хүрэгчдэд харшлын ринитийн тархалт 23.6% буюу энэ нь цаашид өсөх хандлагатай байна гэж мэдэгдсэн байна. Харшлын болон хатингарт ринитийн үед салст бүрхүүлийн бүтцийн өөрчлөлтөд орж, намираа хучуур эд болон сормууслаг эсийн хэвийн бүтэц алдагдан, Гоблетийн эсийн тооны өөрчлөлт, тэдгээрийн үйл ажиллагааны алдагдал дагалдсан нарийн нийлмэл процесс өрнөдөг байна. Манай орны чих хамар хоолойн практикт тохиолдож буй харшлын болон хатингарт ринитийн үеийн хамрын салст бүрхүүлийн нэн бичил бүтцийн өөрчлөлтийг судалсан судалгаа харьцангуй байхгүй байна. Зорилго: Харшлын болон хатингарт ринитийн үед хамрын салст бүрхүүлийн нэн бичил болон бичил бүтцийн өөрчлөлтийг харьцуулан судлах. Арга, аргачлал: 20–45 насны харшлын болон хатингарт риниттэй үйлчлүүлэгчдээс мэс заслын үед авсан хамрын салст бүрхүүлийн эдийг сканнинг электрон микроскоп болон эд судлалын аргаар шинжлэв. Үр дүн: Харшлын ринитийн үед намираа хучуур эдийн бүтэц харьцангуй хадгалагдсан боловч сормууслаг эсүүдийн зохион байгуулалт алдагдаж, сормуусны хэсэгчилсэн уналт, Гоблетын эсийн гиперплази ажиглагдлаа. Харин хатингарт ринитийн үед хучуур эд нимгэрч, сормууслаг бүтэц бараг бүрэн устаж, булчирхайн атрофи болон салстын доорх давхаргын фиброз өөрчлөлт давамгайлсан байв. Дүгнэлт: Харшлын ринитийн үед салст бүрхүүлийн өөрчлөлт харьцангуй хөнгөн, функциональ шинж давамгайлж байхад хатингарт ринитийн үед бүтцийн гүнзгий, эргэлт буцалтгүй өөрчлөлт зонхилж, салстын хамгаалах үйл ажиллагаа хүндээр алдагддаг байна.