Loading...
Улаанбаатар болон Дархан хотын гадаад, дотоод орчны агаарын бохирдлын харьцуулсан судалгаа
Зохиогч
Б.Өлзийхутаг
Б.Батзориг
Б.Нямсүрэн
Г.Энхжаргал
Д.Гантуяа
М.Анужин
Э.Маралмаа
Г.Жаргалсайхан
Он
2026 оны дөрөвдүгээр сарын 16
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
3
Start Page
107
End Page
113
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Гадаад, дотоод орчны агаарын бохирдол нь дэлхий дахинд өвчлөлийн ачаалал, нас баралтын тэргүүлэх эрсдэлт хүчин зүйлсийн нэг бөгөөд нарийн ширхэгт тоосонцор (PM₂.₅)-ын өртөлт нь зүрх судас, амьсгалын тогтолцооны өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ уушгины хорт хавдар, бодисын солилцооны болон мэдрэлийн тогтолцооны эмгэг үүсэх, дархлааны үйл ажиллагааны алдагдалд хүргэдэг. Монгол Улсын хот суурин газруудад өвлийн улиралд агаарын бохирдол өндөр түвшинд хүрдэг ба сүүлийн жилүүдэд ахуйн хэрэглээнд сайжруулсан түлшийг нэвтрүүлсэн ч дотоод болон гадаад орчны агаарын бохирдолд үзүүлэх нөлөө нь бүрэн судлагдаагүй хэвээр байна. Зорилго: Улаанбаатар, Дархан хотуудын гадаад орчин болон айл өрхийн сууцны доторх орчны агаарын бохирдлыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Улаанбаатар, Дархан хотын гадна орчны агаарын бохирдлыг хянах суурин хэмжилтийн цэгүүдийн 2014-2026 оны хооронд үзүүлэлтийг ЦУОШГ-аас авч, өвөл зуны улиралд харьцуулан судласан. Дотоод орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламжийг судлахдаа Улаанбаатар, Дархан хотын орон сууц, байшин, гэрт амьдардаг 240 айл өрхийг хамруулан 2023-2026 оны хооронд 3 жилийн туршид дагаж судласан. Шууд хэмжилтийн (Purple Air) багажийг ашиглан, айл өрх бүрт өвөл, зуны улиралд тус бүр 14-21 хоног байршуулж, 10 минутын давтамжтайгаар, 24 цагийн туршилд РМ2.5 тоосонцрын агууламжийг тодорхойлсон. Үр дүн: 2014-2026 оны хооронд Улаанбаатар хотын гадна орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж 60.5 мкг/м3, РМ10 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж 117.3 мкг/м3, азотын давхар ислийн агууламж 37.3 мкг/м3, хүхрийн давхар ислийн дундаж агууламж 41.8 мкг/м3, озоны агууламж 27.5 мкг/м3 байсан бөгөөд нийслэлд сайжруулсан нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш тоосонцрын агууламж буурсан хандлагатай ч хүхрийн давхар ислийн агууламж нэмэгдсэн, мөн Дархан хоттой харьцуулахад өндөр байна. Дотоод орчны PM₂.₅ тоосонцрын дундаж агууламж Улаанбаатар хотод Дархан хоттой харьцуулахад өндөр түвшинд байна (60.7±86.1 vs 48.4±96.7). Сууцны төрлөөр статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (p<0.0001) байгаа бөгөөд хатуу түлш хэрэглэдэг байшин болон гэрт амьдардаг өрхүүдэд PM₂.₅-ийн агууламж өндөр, харин орон сууцанд хамгийн бага түвшинд байна. Эдгээр үр дүн нь дотоод орчны агаарын бохирдол нь хот хооронд, сууцны төрөл болон улирлаас хамааран мэдэгдэхүйц ялгаатай байгааг илтгэж, хүн амын өртөлтийн түвшин өндөр хэвээр байгааг харуулж байна. Дүгнэлт: Улаанбаатар хотын гадна орчны агаар дахь тоосонцор, азотын болон хүхрийн давхар исэл зэрэг бохирдуулагчдын түвшин Монгол Улсын стандарт болон ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 1-4 дахин өндөр байна. Айл өрхийн дотоод орчны PM₂.₅-ийн бохирдол нь Дархан хоттой харьцуулахад Улаанбаатар хотод өндөр, сууцны төрөл болон улирлын нөлөөгөөр мэдэгдэхүйц ялгаатай байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1662
Эшлэл
Д.Даваалхам, Б.Өлзийхутаг, Б.Батзориг, Х.Сэр-Од, Б.Нямсүрэн, М.Еркебулан нар. Улаанбаатар болон Дархан хотын гадаад, дотоод орчны агаарын бохирдлын харьцуулсан судалгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(3):107-113.
