АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
9 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сургуульд суурилсан эрүүл мэндийн боловсролын интервенцийн үр дүн(2026-04-16) ;Э.Мөнгөнтуул ;Б.Буяндэлгэр ;Г.Хулан ;Я.ЭнхжаргалҮндэслэл: Амьсгалын болон гэдэсний халдварт өвчин нь хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа бөгөөд саван ашиглан гар угаах нь эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй, хямд аргуудын нэг гэдгийг олон улсын судалгаанууд нотолжээ. Улаанбаатарт хийгдсэн өмнөх судалгаагаар Ерөнхий боловсролын сурагчдын зөвхөн 50.1% нь гар угаах дадалтай байгаа нь гар угаах орчин нөхцөл бүрэн хангагдсан суурьшлын бүсэд хангалтгүй байгаа нь тогтоогдсон байна. гэж үзэж байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нийт 865 сургуулийн 56.1% нь угаалтуур, савангүй, 25% нь WASH стандартыг хангаагүй байгаа нь тогтоогдсон. Ковид-19 цар тахлын үед гар угаалтын мэдлэг нэмэгдсэн боловч дадлын тогтвортой өөрчлөлт хязгаарлагдмал хэвээр байсан нь мэдлэг ба дадлын хоорондох зөрүүг харуулж, зориудын боловсролын интервенц шаардлагатай байгааг илтгэж байна. Сургуулийн орчин болон хот-хөдөөгийн ялгааг харгалзан боловсролын интервенцийн харьцуулалт хийсэн судалгаа хязгаарлагдмал байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болов. Зорилго: Бага ангийн сурагчдын дунд хэрэгжүүлсэн гар угаалтын боловсролын интервенцийн үр нөлөөг үнэлж, хот болон хөдөөгийн нийт дөрвөн сургуулийн хоорондох мэдлэгийн өөрчлөлтийн ялгааг тодорхойлох. Арга, аргачлал: Хагас туршилтат судалгааны загвараар 2024 оны 12-р сараас 2025 оны 6-р сарын хооронд хийж гүйцэтгэв. Улаанбаатар хотын хоёр болон орон нутгийн хоёр нийт 4 ерөнхий боловсролын сургуулийн 3–5-р ангийн нийт 1353 сурагчийг хамруулав. Интервенцийн өмнөх болон дараах гар угаалтын мэдлэгийн оноог хосолсон t-тест болон нэг хүчин зүйлийн ANOVA (α=0.05) аргаар STATA14.0 программ ашиглан шинжлэв. Судалгааны ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИС-ийн судалгааны ёс зүйн хяналтын хорооноос авч судалгааг хийж гүйцэтгэв. Үр дүн: Нийт сурагчдын гар угаалтын мэдлэгийн дундаж оноо интервенцийн өмнө 9.68±2.64, дараа нь 10.30±2.74 болж, дундаж ялгаа +0.63-аар статистикийн хувьд ач холбогдолтойгоор нэмэгдэв (p<0.001). Сургуулиудын хоорондох ахицын ялгаа мөн статистикийн хувьд ач холбогдолтой байв (ANOVA: F(3,1335)=5.90, p=0.0005). Хотод байрлалтай А сургуулийн ахиц хамгийн их +1.49, Б сургуульд хамгийн бага +0.16 байсан бол хөдөөгийн В ба Г сургуулиуд дунд зэрэг, харьцангуй тогтвортой ахиц +0.51, +0.70 үзүүлэв. Дүгнэлт: Сургуульд суурилсан гар угаалтын боловсролын интервенц нь бага ангийн сурагчдын гар угаалтын мэдлэгийг статистикийн хувьд ач холбогдолтойгоор нэмэгдүүлэхэд (Δ=+0.63, p<0.001) үр дүнтэй боловч практик ач холбогдол нь бага байлаа. Сургуульд суурилсан гар угаалтын боловсролын интервенцэд хамрагдсан сургуулиудын хоорондох мэдлэгийн ахицын ялгаа (ANOVA: p=0.0005) нь сургуулийн орчны хүчин зүйлсээс (дэд бүтэц, газар зүйн байршил) хамаарч байгааг харуулж байгаа учраас боловсролын интервенцийг дэд бүтцийн сайжруулалттай хавсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нийгмийн эрүүл мэндийн сувилагчийн сургуульд суурилсан “Хөдөлгөөний жор бичилт”ийн туршлага, өргөжүүлэх боломж(2026-02-03) ;Э.МөнгөнтуулБ.БуяндэлгэрҮндэслэл: Хөдөлгөөний дутагдал нь халдварт бус өвчний тэргүүлэх эрсдэлт хүчин зүйлсийн нэг бөгөөд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Идэвхтэй хөдөлгөөний талаарх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дэлхийн хүн амын гуравны нэгээс илүү хувь нь хангаж чаддаггүй гэж судлаачид нотолсон байна. Энэ нөхцөл байдалтай уялдан нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний түвшинд идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих шинэлэг, нотолгоонд суурилсан арга хэрэгслийг нэвтрүүлэх шаардлага улам нэмэгдэж байгаагийн нэг нь “Хөдөлгөөний жор бичилт” юм. Зорилго: Нийгмийн эрүүл мэндийн сувилагчийн сургуульд суурилсан хөдөлгөөний жор бичилтийн талаарх олон улсын туршлага, нотолгоонд суурилсан судалгаануудыг тоймлож, Монголын нөхцөл дэх сургуулийн эрүүл мэндийн үйлчилгээнд хэрэгжүүлэх боломжийг үнэлэх. Арга, аргачлал: Хөдөлгөөний жор бичилт нийгмийн эрүүл мэндийн сувилагчийн оролцоотой холбоотой анхдагч болон хоёрдогч эх сурвалжуудыг хамруулан агуулгын шинжилгээ хийсэн. Үр дүн: Хөдөлгөөний хомсдлыг бууруулж, халдварт бус өвчний тархалтыг өсвөр насныхны дунд хязгаарлахад нийгмийн эрүүл мэндийн сувилагчийн үйл ажиллагаа чухал нөлөөтэй байдаг. Манай оронд сургуульд ажиллах боломжтой нийгмийн эрүүл мэндийн сувилагч нарыг шаталсан бакалаврын сургалтаар бэлтгэж эхлээд байна. Сурагчдад “Хөдөлгөөний жор бичилт”-ээр дамжуулж эрүүл мэндийг дэмжих нь нийгмийн эрүүл мэндийн сувилагчийн чухал үүргийн нэг юм. Манай орны хувьд “Хөдөлгөөний жор бичилт”-ийг сургуульд суурилан хэрэгжүүлэхдээ Олимпын үнэт зүйлийн боловсролын хөтөлбөртэй уялдуулан өргөжүүлэх боломж бүрэлджээ. Дүгнэлт: Нийгмийн эрүүл мэндийн сувилагчийн үйл ажиллагааны хүрээнд сургуульд суурилсан “Хөдөлгөөний жор бичилт”-ийг хэрэгжүүлэхдээ албан боловсролын тогтолцоотой уялдуулан түгээн дэлгэрүүлж буй Олимпын үнэт зүйлсийн боловсролын хөтөлбөртэй уялдуулан өргөтгөх нь эрүүл мэнд, боловсрол, спортын салбарын эрүүл мэндийг дэмжих зорилтуудыг нэгэн цэгт төвлөрүүлэх ач холбогдолтой. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Анхан болон лавлагаа шатлалын эмнэлгийн ажилтнуудын сэтгэл ханамжийг судалсан үр дүн(2025-10-20) ;Б.Буяндэлгэр ;Э.Насантогтох; ;Ц.СарнайҮндэслэл: Эмнэлгийн ажилчдын сэтгэл ханамж нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар төдийгүй хүний нөөцийн тогтвортой байдал, байгууллагын гүйцэтгэл зэрэгт шууд нөлөө үзүүлдэг. Ажилтнуудын сэтгэл ханамж өндөр байх нь ажлын гүйцэтгэл нэмэгдүүлдэг бол буурах нь стресс, ажлаас халшрах зэрэг сөрөг үр дагаварт хүргэдэг. Манай орны хувьд ажлын байрны сэтгэл ханамжийн судалгаа цөөнгүй хийгддэг хэдий ч эрүүл мэндийн салбарын ажилчдын дунд тодорхойлж түүнд ямар хүчин зүйл нь түлхүү нөлөөлж байгаа болохыг судалсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Анхан болон лавлагаа шатлалын эмнэлгийн ажилтнуудын ажлын байран дахь сэтгэл ханамж болон түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг 20222024 онд 11 аймаг, Улаанбаатар хотын 18-65 насны 1883 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнг хамруулан тоон судалгааны арга, агшны загвараар гүйцэтгэсэн. Сэтгэл ханамж 6 дэд бүлэг (дэмжлэгт удирдлага, хүний нөөцийн хөгжих боломж, мэргэжилтний ёс зүй, байгууллагын соёл, тусламж үйлчилгээний чанар, ажлын байрны аюулгүй орчин) –ээс бүрдсэн асуулгыг ашиглан Ликертийн 1-3 оноогоор үнэлэв. Статистик боловсруулалтыг IBM, SPSS-26.0 ашиглан боловсруулсан. Үр дүн: Судалгаанд оролцогсдын сэтгэл ханамжийн түвшин 77.6% байв. Дэд бүлгүүдээс ажлын байрны аюулгүй, дэмжлэгт орчин 71.7% буюу дунджаас бага, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал 83.4% дунджаас их байна. Судалгааны үр дүнгээс харахад Улаанбаатар хотын эмнэлэгт удирдах албан тушаалд, анхан шатлалын эмнэлэгт эмчээр ажиллах нь сэтгэл ханамжид эерэг нөлөөтэй байв (p<0.05). Нас нь статистик ач холбогдол бүхий хамааралтай байсан бол ажилласан жил нэмэгдэх тусам буурч (r=−0.09, p<0.001) урвуу хамааралтай байв. Судалгааны үр дүнгээс харахад ажилчдын сэтгэл хамамжийг сайжруулахын тулд дэмжлэгт удирдлага, хүний нөөцийн хөгжих боломж, байгууллагын соёл ажлын байрны аюулгүй, дэмжлэгт орчин зэргийг бэхжүүлэх, дэмжих замаар сайжруулах хэрэгцээтэй байна. Дүгнэлт: Ажлын байрны аюулгүй, дэмжлэгт орчин, хүний нөөцийн хөгжих боломж, байгууллагын соёл зэрэг нь ажилтнуудын сэтгэл ханамжид чухал нөлөөтэй. Судалгааны үр дүн нь ажилтны сэтгэл ханамжийг сайжруулахын тулд байгууллагын дэмжлэг, хөгжих боломж, ажлын байрны аюулгүй байдлыг оновчтой зохион байгуулах замаар нэмэгдүүлэх боломжтой болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Аутосомын богино дарааллын давталтын анализаар гэр бүлийн гишүүдийг харьцуулан судалсан зарим үр дүн(2024-12-21) ;Б.Буяндэлгэр ;Д.Отгонбямба ;Ж.Одонгоо ;Х.НурланҮндэслэл: Дезоксирибонуклейн хүчил (ДНХ)-ийн шинжилгээ хийх нь удам төрлийн хүмүүсийн хамаарлыг магадлахад ач холбогдолтой байдаг.1 2019 оны байдлаар 26 сая орчим хүн ДНХ геномын шинжилгээ хийлгэсэн гэсэн тоо баримт байдаг бөгөөд ихэнх нь удмын хамаарлаа тодорхойлуулах зорилгоор уг шинжилгээг хийлгэжээ.2 Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, цус ойртолт, удамшлын өвчнөөс сэргийлэх, хүний генетикийн оношилгоо, эмчилгээ, генийн сангийн аюулгүй байдлыг зохицуулах асуудлууд нь Монгол улсын хувьд чухал асуудал болсоор байна. Иймд аутосомын БДД-ын шинжилгээг төрөл ойртсон гэр бүлүүдийн дунд хийх нь олон талын ач холбогдолтой учраас уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Төрөл ойртсон гэр бүлийн гишүүдийг богино дарааллын давталт (БДД)-ын анализ ашиглан судлах. Арга, аргачлал: Судалгаанд асуумж болон генеалогийн аргаар төрөл ойртсон гэрлэлт эсэх нь баталгаажсан нийт 31 гэр бүлийн 114 оролцогчдыг хамруулсан. Төрөл ойртсон гэр бүлийн гишүүдийн аутосомын БДД-ын 19-21 маркеруудын аллелиудыг Globalfiler express PCR amplification урвалжийн цомог ашиглан тодорхойлж, Genoproof Suite v1.0 ба Powermarker v3.25 программ хангамжуудыг ашиглан биостатистикийн утгууд, үр дүнг тооцлоо. Үр дүн: 31 гэр бүлийн аутосомын БДД-ын маркеруудын бодит p-утга (exact p-value) FGA маркер (0.0302), CSF1PO маркер (0.0029)-т тус бүр хамгийн бага тодорхойлогдсон нь статистик ач холбогдолтой байв. Удам төрлийн хамааралтай 8 гэр бүлийн 10 хүүхдүүдэд гомозигот аллелийн эзлэх хувь 27 байсан нь хамгийн өндөр байв. 31 гэр бүлээс 14 гэр бүл удам төрлийн хамааралгүй, 9 гэр бүл удам төрлийн хамааралгүйг батлах боломжгүй, 8 гэр бүл удам төрлийн хамааралтай гэж тус тус тодорхойлогдлоо. Генетикийн олон янз байдал (Hobs) SE33 маркерт (0.8982) хамгийн өндөр, CSF1PO маркерт (0.6542), D2S441 маркерт (0.696) хамгийн бага байхаар тус тус тооцоологдлоо. Төрөл ойртолтын коэффициент (f) D22S1045 маркерт (0.33) хамгийн өндөр, D10S1248 маркерт (0.1) хамгийн бага байлаа. Дүгнэлт: 1. Төрөл ойртсон 31 гэр бүлүүдийн нийт 114 гишүүдийн аутосомын богино дарааллын давталтын маркеруудын аллелиудыг тодорхойлов. Ингэснээр удам төрлийн хамаарлыг магадлах хувь, ижил төстэй байдлын индекс, гомозигот/гетерозигот аллелийн харьцаа, аллелийн давтамж, генетикийн олон янз байдал, төрөл ойртолтын коэффициент, бодит p-утга зэргийг тооцох боломжтой болов. 2. Төрөл ойртсон 31 гэр бүлүүдийн удам төрлийн хамаарлыг магадлах хувь, ижил төстэй байдлын индексийг харьцуулан судлахад 14 гэр бүл удам төрлийн хамааралгүй, 9 гэр бүл удам төрлийн хамааралгүйг батлах боломжгүй, 8 гэр бүл удам төрлийн хамааралтай тодорхойлогдсон нь аутосомын БДД-ын анализаар удам төрлийн хамаарлыг 3-4-р үе хооронд магадлах, 1-2-р үе хооронд бататгах боломжтойг харуулав. 3. Төрөл ойртсон гэр бүлүүдэд генетикийн олон янз байдал (Hobs) SE33 маркерт (0.8982) хамгийн өндөр, CSF1PO маркерт (0.6542), D2S441 маркерт (0.696) хамгийн бага, төрөл ойртолтын коэффициент (f) D22S1045 маркерт (0.33) хамгийн өндөр, D10S1248 маркерт (0.1) хамгийн бага тус тус тодорхойлогдсон, CSF1PO болон FGA маркеруудын бодит p-утга статистик ач холбогдолтой байсан нь төрөл ойртсон гэр бүлийн удам төрлийн хамаарлыг үнэлэхэд SE33, CSF1PO, D22S1045, D10S1248, FGA маркерууд, үүнээс CSF1PO маркер чухал ач холбогдолтой байна гэж үзлээ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Миелопролифератив эмгэгийн үед JAK2 V617F генийн мутацийг тодорхойлсон дүн(2024-11-07); ;Б.Пүрэвбуян ;Б.Буяндэлгэр ;Э.СолонгоЖ.ОдонгооҮндэслэл: Миелопролифератив эмгэг JAK2, CALR, MPL зэрэг генийн мутацийн шалтгаантай үүсэх нь түгээмэл байдаг. Дэлхий дахинд миелопролифератив эмгэгийн шалтгаант нас баралтын түвшин бусад хорт хавдартай харьцуулахад харьцангүй бага хувьтай байдаг хэдий ч амь насанд эрсдэл учруулах боломж одоог хүртэл өндөр хэвээр байна. Хөгжингүй орнуудад миелопролифератив эмгэгийн эрт илрүүлэг, оношилгоо сайжирсаар байгаа нь тохиромжтой эмчилгээг эхлэх, эмчилгээний үр дүнг хянах боломжийг бүрдүүлж байна. Манай оронд энэ төрлийн генийн мутацийн шинжилгээ тогтмол хийгддэгүй учир өвчний оношийг бататгах, тохирох эмчилгээг эхлэх боломж хомс байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: JAK2 V617F генийн мутацийг бодит хугацааны полимеразын гинжин урвал (бхПГУ)ын шинжилгээгээр илрүүлэх. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг агшингийн судалгааны загвараар, магадлалт бус түүврийн аргаар хийж гүйцэтгэлээ. Судалгаанд хамрагдахыг зөвшөөрсөн 77 оролцогчоос 5-10 мл цус цуглуулж, дезоксирибонуклейн хүчлийг (ДНХ) ялгалаа. Ингээд JAK2 V617F генийн мутаци тодорхойлох бхПГУ-ын шинжилгээг Light Cycler480 төхөөрөмж ашиглан хийж гүйцэтгэв. Шинжилгээний үр дүнг тархалтын муруй байгуулж Microsoft excel болон SPSS 26.0 программыг ашиглан үнэллээ. Үр дүн: Судалгаанд 22-82 насны 77 үйлчүүлэгч хамрагдсаны 25 (32.5%) нь эрэгтэй, 52 (67.5%) нь эмэгтэй байв. Нийт эрэгтэй оролцогчдын 12 (48%), эмэгтэй оролцогчдын 30 (57.7%) тохиолдолд JAK2 V617F генийн мутаци тодорхойлогдлоо. JAK2 V617F генийн мутаци илэрсэн 42 оролцогчын дундаж нас 60.6±12.3 (34-82) жил байлаа. Дүгнэлт: Миелопролифератив эмгэг сэжиглэгдсэн нийт оролцогчдын 54.5%-д JAK2 V617F генийн мутаци тодорхойлогдож, цаашид бай эмчилгээнд хамрагдах боломжтой боллоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны манлайллын хэв маягийг судлах нь(2024-05-13) ;Б.Буяндэлгэр; ; Үндэслэл: Эрүүл мэндийн байгууллагын соёл, ажилчдын сэтгэл ханамж, өвчтөний тусламж үйлчилгээний чанарт манлайллын үзүүлэх нөлөө нь чухал хүчин зүйл болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Эрүүл мэндийн салбарт мэргэшсэн удирдах албан тушаалтнууд хомсдолтой байгаа бөгөөд эрүүл мэндийн тогтолцоонд тулгарч буй өнөөгийн сорилтуудын улмаас менежер, удирдлагууд нь манлайллын шинэ хэв маяг, ажилтнуудыг чадавхжуулах оновчтой стратегид суралцах шаардлагатай байна. Зорилго: Монгол Улсын хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудын манлайллын хэв маягийг харьцуулан судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг агшингийн аргаар хийж, Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудыг хамруулсан. Өөрчлөлтийн, идэвхитэй, идэвхигүй манлайллын 3 хэв маягийг тодорхойлох олон хүчин зүйлийн MLQ-360 асуумжийн аргыг ашиглан мэдээлэл цуглуулж, SPSS-26.0 программ ашиглан статистик боловсруулалтыг хийлээ. Үр дүн: Судалгаанд хот, хөдөөгийн 14 эмнэлгийн нийт 110 удирдах ажилтныг хамруулсан бөгөөд оролцогчдын 24.5% нь эрэгтэй, 75.5% нь эмэгтэй оролцогчид байсан. Судалгаанд оролцогчдын дундаж нас 40.6 (±9) жил, ажилласан жилийн хувьд дунджаар 9.0 (±8.4) жил байна. Удирдах ажилтны Өөрчлөлтийн манлайллын 5 хүчин зүйлийн дундаж оноо 2.97±0.59, хот хөдөөд ойролцоо түвшинд байлаа. Идэвхитэй манлайллын үндсэн үзүүлэлтүүдийг нэгтгэн үнэлэхэд 2.6±0.55 байгаа нь заримдаа болон ихэвчлэн хэрэгжүүлж байгааг илэрхийлж байна. Идэвхигүй манлайллын нэг гол үзүүлэлт болох удирдагч хүн үүрэг хариуцлагаас зайлсхийх давтамжийг үнэлэхэд хааяа болон заримдаа тохиолдож байгаа бөгөөд байршил болон хүйсийн хувьд ойролцоо байна. Дүгнэлт: Хот хөдөөгийн ЭМБ-ын удирдах ажилтны манлайллын хэв маягийн үзүүлэлтүүд харилцан адилгүй түвшинд байгаа хэдий ч хот хөдөө, хүйсийн хувьд статистик үнэн магадлалтай ялгаагүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нийслэлийн эрэгтэйчүүдийн өвчлөлийн өнөөгийн төлөв байдал(2021-11-01) ;О.Оюунжаргал; ;Б.БуяндэлгэрД.ХишигтогтохНийслэлийн хүн амын 2010-2019 оны эрүүл мэндийн статистик мэдээнд дүн шинжилгээ хийхэд халдварт бус өвчний тэргүүлэх 5 шалтгаан 10000 хүн амд амьсгалын тогтолцооны өвчин 2099, хоол боловсруулах тогтолцооны өвчлөл 10000 хүн амд 1845, зүрх судасны тогтолцооны өвчлөл 10000 хүн амд 1321, шээс бэлгийн тогтолцооны өвчлөл 10000 хүн амд 1120 болж, мэдрэлийн тогтолцооны өвчлөл 10000 хүн амд 741 болж нэмэгдсэн бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байна. Зорилго: Улаанбаатар хотын хүн амын дундах халдварт бус өвчний тархалтыг судлах зорилгыг дэвшүүлэв. Арга аргачлал: Судалгааг баримт судалгааны ретроспектив аргаар хийж, статистик боловсруулалтыг SPSS 28 программ дээр хийж гүйцэтгэн хийлээ. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 18-45 нас буюу үр бүтээлтэй ажиллах чадамжтай ид хөдөлмөрийн насныханы дунд халдварт бус өвчний тархалт ихэвчилэн тохиолдож ялангуяа эрэгтэйчүүд байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсоор байна. Дүгнэлт: Нийслэлийн эрэгтэйчүүдийн дундах өвчлөлийн бүтэц, тархалтын байдлыг сүүлийн 10 жилээр судлаж, дүн шинжилгээ хийхэд ХБӨ 15-20%-аар өссөн байна. Үүний гол шалтгаан нь хүн амын 2 хүний нэг нь илүүдэл жин, таргалалттай, 3 хүний нэг нь цусны даралт ихсэлттэй, 4 хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой, 2 эрэгтэйн нэг нь тамхи татдаг, 3 хүний нэг нь архи хэрэглэдэгтэй холбоотой бөгөөд хүн амын өвчлөл, нас баралтын бүтцэд хүйсийн ялгаатай байдал их байгаа нь эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар дорвитой арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Z үеийнхний онцлогт тулгуурласан сувилахуйн боловсролын шинэлэг хандлага(2021-03-21) ;Э.Мөнгөнтуул ;Д.БаттогтохБ.БуяндэлгэрСүүлийн жилүүдэд цар тахлаас (COVID 19) үүдэлтэй хөл хорио, хязгаарлалтуудын улмаас манай орны дээд боловсролын салбарт танхимын сургалтыг цахим хэлбэрээр явуулах зайлшгүй шаардлага бий болсон билээ. Цахим сургалтыг хэрэгжүүлэх явцад онолын мэдлэг олгож буй багш нарт шинэ үеийн буюу Z үеийн суралцагчидтай харилцахад зарим талаар бэрхшээл учирч байсан. Тиймээс бид шинэ (Z) үеийнхний онцлог шинжүүд, тэдэнд сувилахуйн боловсролын хүрээн дэх онолын мэдлэг олгох заах арга зүйн шинэлэг хандлагуудыг судлах зорилго дэвшүүлсэн юм. Энэ хүрээнд нэгдүгээрт: Z үеийнхэн гэж хэн бэ? гэдэгт тоймлон хариулах, хоёрдугаарт: Z үеийнхэнд илүү тохиромжтой заах аргын хувилбаруудыг тодруулах зорилтуудыг тавилаа. Судалгааны үр дүнгээс үзэхэд, Z үеийнхэн нь технологийн мэдлэг чадвар, итгэл үнэмшил, зан үйлийн өвөрмөц хослолоороо өмнөх үеийн оюутнуудаас ихээхэн ялгаатай юм. Энэхүү онцлог шинжүүд нь сургалтыг уламжлалт хэлбэрээр хөтлөн явуулах нь хангалтгүй байгааг илтгэн харуулж байна. Тиймээс сувилахуйн боловсролд Z үеийнхэнд чиглэсэн заах арга зүйг үндэсний онцлогтой уялдуулан боловсруулах, багш нарын технологитой ажиллах чадварыг дээшлүүлэх, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх шаардлага тавигдаж байгаа юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсад үндэсний сувилагч мэргэжилтэн бэлтгэсэн түүхэн үндсийг судлах нь(2021-04-06) ;Б.БуяндэлгэрД.БаттогтохМонгол улсад сувилагч мэргэжилтэн бэлтгэх болсон нь тухайн үеийн нийгэм-улс төр, түүхийн зайлшгүй шаардлагаас үүдэлтэй бөгөөд уг үйл явцын үндсэн шалтгаан, тэдгээрт нөлөөлсөн хүчин зүйлүүдийг тодруулах нь ач холбогдолтой. Тиймээс бид Монгол улсын сувилахуйн салбарын үндэсний боловсон хүчин бэлтгэх тогтолцоо бүрэлдэж эхлэсэн үеийн түүхийг судлах зорилго дэвшүүлсэн юм. Энэ хүрээнд нэгдүгээрт: Монгол оронд орчин цагийн сувилахуйн нөлөө хэрхэн тусаж байсныг тоймлох, хоёрдугаарт: ХХ зууны эхэн үеийн эмнэлгүүдийн сувилахуйн боловсон хүчин бэлтгэхэд үзүүлсэн нөлөөг тодруулах, гуравдугаарт: сувилахуйн чиглэлээр үндэсний боловсон хүчин бэлтгэж эхлэсэн түүхийг судлах зорилтуудыг тавьсан. Судалгааны үр дүнгээс үзэхэд, Монголын уламжлалт нийгэмд сувилахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж ирсэн тогтолцоо байгаагүй нь тухайн үед байсан оточ нар нь хүртээмжгүй байснаас гадна албан ёсны боловсролын тогтолцоо бүрэлдээгүй байсантай холбоотой. XX зууны эхэн үед Монгол оронд нээгдсэн эмнэлгүүд нь орчин цагийн сувилахуйн боловсон хүчин бэлтгэх тогтолцоог бүрэлдүүлэн бий болгоход ихээхэн нөлөө үзүүлсэн. 1929 онд орчин цагийн сувилахуйн ухаанаар мэргэшсэн үндэсний боловсон хүчнийг сургалтын байгууллагад түшиглэн бэлтгэж эхэлсэн нь өнөөгийн манай улсын сувилахуйн боловсрол олгох тогтолцооны эхлэл байлаа.
