Г.Дарамбазар
Loading...
Товч нэр
Г.Дарамбазар
Бүтэн нэр
Гантулга Дарамбазар
Латин нэр
Gantulga Darambazar
Албан тушаал
Багш
Харьяалал
ORCID
Scopus Author ID
27 results
Now showing 1 - 10 of 27
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Оюутнуудын хооллолтын зан үйл ба түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгаа(2025-01-01) ;Б.Золзаяа ;Д.Алтанчимэг; ; - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хиймэл оюун ухаанд суурилан зайнаас физиологийн зарим үзүүлэлтүүдийг хэмжсэн дүн(2026-02-03) ;Б.Оюунбаатар; А.ДолгорсүрэнҮндэслэл: ДЭМБ-ын мэдээллээр дэлхий даяар 1.28 тэрбум хүн артерийн даралт ихсэх өвчнөөр өвчилсөн бөгөөд тэдгээрийн ихэнх нь хөгжиж буй орнуудад амьдарч байна. Монгол Улсад артерийн даралт ихсэх өвчний тархалт өндөр хэвээр байгаа бөгөөд STEPS-2019 судалгаагаар залуу насны бүлэгт ч уг өвчин түгээмэл байгааг тогтоосон. Уламжлалт артерийн даралт хэмжих аргууд нь тусгай нөхцөл шаардах, хэмжилтийн алдаа гарах эрсдэлтэй байдаг. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаанд суурилсан гар утасны аппликейшн ашиглан артерийн даралт болон амин үзүүлэлтүүдийг хэмжих боломж нэмэгдэж байгаа ч тэдгээрийн хэмжилтийн нарийвчлалыг ANSI/AAMI/ISO 81060-2:2022 стандартад нийцүүлэн үнэлсэн судалгаа Монгол Улсад хангалтгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хиймэл оюун ухаанд суурилсан FaceHeart аппликейшнийг ашиглан артерийн даралт, зүрхний цохилтын тоо, захын цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлж гарсан үр дүнг уламжлалт багажийн шинжилгээний хариутай харьцуулах. Арга, аргачлал: Бид судалгаанд оролцохыг зөвшөөрсөн 120 хүнийг хамруулсан бөгөөд багажийн болон хиймэл оюун ухаанд суурилсан аппликейшны хэмжилтийг тус бүр 3 удаа хийж нийт 360 хэмжилтийн утгыг цуглуулан Пирсоны корреляцийн коэффициент, Paired t-Test, Bland-Altman, Intraclass Correlation CoefÏcient тооцооллыг хийсэн. Үр дүн: Багажийн болон хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг гар утасны хэмжилтийн дундаж зөрүү систолын даралт -2.05 мм.муб (p<0.001), диастолын даралт -2.36 мм.муб (p<0.001), зүрхний цохилтын тоо -0.30 мин/удаа (p=0.088), захын цусан дахь хүчилтөрөгч 0.32% (p<0.05) байна. Пирсоны корреляцийн коэффициент систолын даралт r=0.772 (p<0.001), диастолын даралт r=0.892 (p<0.001), зүрхний цохилтын тоо r=0.978 (p<0.001), захын цусан дахь хүчилтөрөгч r=0.391 (p<0.001) байна. Дүгнэлт: Хиймэл оюун ухаанд суурилсан аппликейшны хэмжилт нь артерийн даралт, зүрхний цохилтын тоо, захын цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлох боломжтой боловч эмнэлзүйн практикт ашиглахад хангалттай нарийвчлалтай биш байгаа нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар, Дархан хотын сууцны доторх орчны PM2.5 тоосонцор уушгины үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг судалсан дүн (2023-2024 оны өвлийн үр дүн)(2025-10-20) ;Э.Маралмаа; ; ; Д.ГантуяаҮндэслэл: Аэродинамик голч 2.5 микрометр ба түүнээс бага голчтэй тоосонцор (PM2.5) нь амьсгалын замаар дамжин уушгины цулцангийн гүнд нэвтэрч, исэлдэлтийн стресс, системийн болон судасны үрэвслийг өдөөх нөлөө бүхий онцлогтой юм. Монгол Улс нь агаарын бохирдлын түвшин их орнуудын тоонд ордог бөгөөд нийт хүн амын тал хувиас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хотод өвлийн улиралд PM2.5-ын агууламж 200 мкг/м³-аас давж, ДЭМБ-ын зөвлөмжийн хэмжээнээс 8 дахин ихэсдэг байна. Улаанбаатар хотын 1,200 насанд хүрэгчдийг хамруулсан судалгаагаар агаарын бохирдол өндөр байдаг улиралд амьдралын чанар эрс муудсан ба өмнө нь амьсгалын замын үйл ажиллагааны алдагдалтай байсан хүмүүсийн илүүтэй илэрч байсан. Зорилго: Улаанбаатар, Дархан хотын насанд хүрэгчдийн сууцны доторх орчны PM2.5 тоосонцрын агууламжийг уушгины үйл ажиллагааны үзүүлэлтүүдтэй харьцуулан судлах. Арга аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар зорилтот түүврийн аргаар Улаанбаатар, Дархан хотын насанд хүрэгчдийг хамруулан хийж гүйцэтгэсэн. Судалгааны мэдээлэл цуглуулахад судалгаанд оролцогчдийн сууцны доторх орчны агаарын чанарыг хэмжих PurpleAir багаж 1 сарын турш байршуулан хэмжилтийг хийж, үүний дараа спирометрийн шинжилгээгээр уушгины үйл ажиллагааг үнэлсэн ба SPSS-25.0 программыг ашиглан тооцоолол хийж үр дүнг тооцсон. Үр дүн: Нийт 236 оролцогчдын 114 (48.3%) Улаанбаатар, 122 (51.7%) Дархан хот, хүйсийн хувьд 111 эрэгтэй (47.0%), 125 эмэгтэй (53.0%) байсан оролцогчид байв. Сууцны доторх PM2.5-ийн дундаж агууламж 66.24 мкг/м³ байсан (СХ 44.87 мкг/м³) ба хамгийн бага нь 7.79 мкг/м³, хамгийн их нь 264.55 мкг/м³ байв. Орон сууцны төрлөөр ангилан үзэхэд гэрт PM2.5-ийн дундаж агууламж 82.34 мкг/м³ байсан нь байшинд (67.34 мкг/м³) болон орон сууцанд (32.24 мкг/м³) тодорхойлогдсон агууламжаас харьцангуй их байсан. Хамаарлын шинжилгээгээр Генслерийн индекс (FEV1/FVC харьцаа), амьсгал гаргалтын дээд хурд (PEF) ба эзэлхүүний дундаж хурд (FEF25–75)-ыг илтгэх үзүүлэлтүүд PM2.5-ийн агууламжтай урвуу хамаарал бүхий тогтоогдсон нь статистикийн хувьд ач холбогдол бүхий байв. Оролцогчдын 9.4%-д уушгины хүчилсэн амьдралын багтаамж (FVC), 15.3%-д эхний 1 секунд дэх хүчлэн гаргах агаарын эзлэхүүн (FEV1), харин 3.8% нь FEV1/FVC харьцаа буурсан байв. Дүгнэлт: Сууцны доторх орчны PM2.5 агууламж нь гэр сууцанд өндөр илэрсэн бөгөөд уушгины үзүүлэлтүүдээс амьсгал гаргалтын бууралтыг илтгэх үзүүлэлтүүд нь сөрөг хамаарал бүхий статистикийн хувьд ач холбогдолтой байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уушгины хавдрын эсийн нүүн шилжилтэд флаваноны нөлөөг судалсан дүн(2025-10-20) ;Ч.Жадамба; ; ; А.ГүрбадамҮндэслэл: Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай зарим нэгдлүүд нь хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрын эхэн шатны эмчилгээнд ач холбогдол бүхий үр дүнтэй болохыг эрдэмтэд тогтоосон ба ургамал, хүнсний ногоо, үр, жимсний хальс, цэцэг зэрэгт агуулагдах полифенолт нэгдэл болох флаванонууд нь хавдрын эсрэг, хэт исэлдэлт, үрэвсэл болон бактерийн эсрэг био идэвхтэйг тодорхойлсон байна. Хавдар нь дэлхий дахинд эдийн засгийн болон нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Дэлхийн статистик мэдээллээс үзэхэд дөрвөн хүн тутмын нэг (22.8%) нь халдварт бус өвчний улмаас, зургаан хүн тутмын нэг (16.8%) нь хавдрын улмаас нас барж байгааг дурьдсан байна. Зорилго: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаваноны уушгины хавдрын эсийн нүүн шилжилтэд үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн Био-Анагаахын Хүрээлэнг түшиглэн, флаванон (5,2’,3’-тригидрокси-6,7 метилендиоксифлаванон)-ы хавдрын эсийн нүүн шилжилтэнд үзүүлэх нөлөөг in vitro орчинд, эсгүй зурвас үүсгэх аргаар судлав. Судалгаанд уушгины хавдрын эс (A549)-ийг сэргээн, тогтворжуулан туршилтыг хийж гүйцэтгэв. Үр дүн: Бид A549 хавдрын эсийг флаваноны ялгаатай концентраци (1.25 мкг/мл, 2.5 мкг/мл)-иар 24 цагийн турш үйлчлэн, эсгүй зурвас үүсгэх аргаар шинжлэв. Эсгүй зурвасыг 0.9 мм-ийн өргөнтэй үүсгэсэн бөгөөд А549 эс 24 цагийн дараа эсгүй зурваст тархан ургаж эсгүй зурвасын өргөн 0.25 мм байв. Флаваноны 2.5 мкг/мл концентрациар эсэд үйлчлэхэд эсийн нүүн шилжилтийг бүрэн саатуулсан байв. Дүгнэлт: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаванон нь уушгины хавдрын эсийн нүүн шилжилтийг тун болон хугацаа хамааралтайгаар саатуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Флаваноны хавдрын эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөөг судалсан дүн(2025-05-05) ;Ч.Жадамба; ; ; А.ГүрбадамҮндэслэл: Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай зарим нэгдлүүд нь хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрын эхэн шатны эмчилгээнд ач холбогдол бүхий үр дүнтэй болохыг эрдэмтэд тогтоосон ба ургамал, хүнсний ногоо, үр, жимсний хальс, цэцэг зэрэгт агуулагдах полифенолт нэгдэл болох флаванонууд нь хавдрын эсрэг, хэт исэлдэлт, үрэвсэл болон бактерийн эсрэг био идэвхтэйг тодорхойлсон байна. Хавдар нь дэлхий дахинд эдийн засгийн болон нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Дэлхийн статистик мэдээлэлд үзэхэд дөрвөн хүн тутмын нэг (22.8%) нь халдварт бус өвчний улмаас, зургаан хүн тутмын нэг (16.8%) нь хавдрын улмаас нас барж байгааг дурьдсан байна. Зорилго: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаваноны хавдрын эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн Био-Анагаахын Хүрээлэнг түшиглэн, флаванон (5,2’,3’-тригидрокси-6,7 метилендиоксифлаванон)-ы хавдрын эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөөг in vitro нөхцөлд, MTT шинжилгээний аргаар судлав. Судалгаанд бүдүүн шулуун гэдэсний хавдрын эс (МС38), элэгний хавдрын эс (HepG2), уушгины хавдрын эс (A549)-үүдийг сэргээн өсгөвөрлөж, тогтворжуулан туршилтыг хийж гүйцэтгэв. Үр дүн: Бид MC38, HepG2, A549 хавдрын эсүүдийг флаваноны ялгаатай концентраци (2.5 мкМ, 5 мкМ, 10 мкМ)-иар 24-48 цагийн турш үйлчлэн, эсийн амьдрах чадварыг үнэлэв. Флаванон нь A549 эсийн амьдрах чадварыг 2.5 мкМ-10%, 5 мкМ-25%, 10 мкМ-38%-иар тус тус дарангуйлж байв. Харин HepG2 эсэд флавононы 5-10 мкМ концентрациар үйлчлэхэд элэгний хавдрын эсийн амьдрах чадварыг 28-58%-иар бууруулж байна. Түүнчлэн MC38 эсийн өсгөвөрт тун хамааралтайгаар эсийн амьдрах чадварыг саатуулсан хэдий ч 30-200 мкМ өндөр концентрацид статистик ач холбогдол бүхий нөлөөтэй байв (p<0.01). Дүгнэлт: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаванон нь хавдрын эсийн амьдрах чадварыг тун болон хугацаа хамааралтайгаар дарангуйлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эфирийн тосны стрессийн эсрэг нөлөөг туршилтын амьтны тархины эдэд IBA 1 маркераар илрүүлсэн дүн(2024-11-07); ; ;Н.Ням-Эрдэнэ ;Б.АрвинзаяаМ.СувдҮндэслэл: Эфирийн тос нь ургамлын бодисын солилцооны хоёрдогч нийлэгжлийн бодис бөгөөд ургамлын өвөрмөц тансаг үнэрийг бий болгодог биологийн идэвхт бодис юм.1 Сүүлийн жилүүдэд улс орнууд Лаванда (lavandula angustifolia), Сарнай (Rosa damascena), Жүржийн мод (Citrus aurantium x L) зэрэг анхилам ургамлуудаас гарган авсан эфирийн тосыг архаг стрессийн эмчилгээнд өргөнөөр ашиглаж байна.2 Архаг стрессийн үед микроглий эс идэвхжин нейроны өсөлт хөгжилтөд чухал үүрэгтэй Brain-derived neurotrophic factor (BDNF)-ыг бууруулснаар мэдрэлийн эсэд үрэвсэл, сөнөрөл үүсэн улмаар ой тогтоолт буурч, танин мэдэхүйн үйл ажиллагааны алдагдал үүсэж байгааг тогтоосон байдаг.3,4 Архаг стресст өртөх нь мэдрэлийн эсэд үрэвсэл үүсгэгч М1 төрлийн эс болох IBA 1 микроглий эсийг нэмэгдүүлдэг байна.5 Харин эфирийн тос нь үрэвслийн эсрэг нөлөө үзүүлснээрээ М1 микроглий эсийн идэвхжлийг бууруулдаг нь тогтоогджээ.6 Манай оронд 300 орчим зүйлийн эфирийн тост ургамал ургадаг. Эдгээр эфирийн тост ургамлаас стрессийн эсрэг үйлдлийг нь судалсан судалгааны ажил хомс байгаа тул анхилам тансаг үнэрээр нь эрт дээр үеэс уламжлалт байдлаар өргөнөөр хэрэглэж ирсэн Ямаан арцны эфирийн тосыг сонгон стрессийн эсрэг үйлдэлтэй эсэхийг туршилтын амьтны тархины эд дэх IBA 1 микроглий эсийн маркераар дамжуулан судлах нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Ямаан арцны эфирийн тос стрессийн эсрэг нөлөөтэй эсэхийг туршилтын амьтны тархины эд дэх микроглий эсийн IBA 1 маркераар илрүүлэх. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн, Био-Анагаахын хүрээлэнг түшиглэн гүйцэтгэсэн. АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 11 сарын 24-ний өдрийн хурлаар (2023-03-09) хэлэлцүүлж уг судалгааг хийх зөвшөөрөл авсан. Архаг стресс үүсгэх зорилгоор 22-28 гр жинтэй, BALB/c үүлдрийн 25 эр хулганыг эрүүл хяналтын, эмгэг хяналтын, Ямаан арцны бага тунгийн, Ямаан арцны өндөр тунгийн болон Лавандагийн бүлэг гэсэн 5 бүлэг болгон хуваасан. Эрүүл хяналтын бүлгээс бусад бүлэгт архаг стрессийн загвар үүсгэн, эфирийн тосыг эмгэг хяналтын бүлгээс бусад бүлэгт 7 хоногийн турш үнэртүүлэх аргаар өгсний дараа нэвчүүлэн бэхжүүлэх аргаар бүх бүлгийн хулгануудыг егүүтгэн, тархины эдийг авч 4%-ийн параформальдегидийн уусмалд бэхжүүлж, хөлдөөж зүсэх аргаар эдийг бэлтгэн, иммуногистохимийн аргаар будаж, ImageJ болон prism программ ашиглан статистик тооцоолол хийсэн. Үр дүн: Архаг стрессийн дараа тархины эд дэх IBA 1 микроглий эс хэлбэрээ өөрчлөн амёбиод болон идэвхэжсэн хэлбэртэй болсон байв. ImageJ программ ашиглан нийт талбайг олсны дараа бүлэг тус бүрд IBA 1 микроглий эсийн тоог тоолж, статистик тооцоолол хийхэд 1,200,000 мкм2 талбайд эрүүл хяналтын бүлэг-2±1, эмгэг хяналтын бүлэг-18±2, бага тунгийн бүлэг-9±2, өндөр тунгийн бүлэг-5±1, Лавандагийн бүлэг-11±1 тооны IBA 1 эерэг микроглий эс эерэг будагдсан байв. Дүгнэлт: Судалгааны үр дүнгээс харахад архаг стрессийн үед эфирийн тос нь тархины эд дэх микроглий эсийн тоог бууруулснаараа тархины эдийг хамгаалах нөлөөтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний хавдрын эсийн нүүн шилжилтэд флаваноны нөлөөг судалсан дүн(2026-05-22) ;Ч.Жадамба; ; ; А.ГүрбадамҮндэслэл: Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай зарим нэгдлүүд нь хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрын эхэн шатны эмчилгээнд ач холбогдол бүхий үр дүнтэй болохыг эрдэмтэд тогтоосон ба ургамал, хүнсний ногоо, үр, жимсний хальс зэрэгт агуулагдах полифенолт нэгдэл болох флаванонууд нь хавдрын эсрэг, хэт исэлдэлт, үрэвсэл болон бактерийн эсрэг био идэвхтэйг тодорхойлсон байна. Хавдар нь дэлхий дахинд эдийн засгийн болон нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)ын 2022 оны статистик мэдээллээс үзэхэд дөрвөн хүн тутмын нэг (22.8%) нь халдварт бус өвчний улмаас, зургаан хүн тутмын нэг (16.8%) нь хавдрын улмаас нас барж байгааг дурьдсан байна. Монгол улс дэлхийд элэгний хорт хавдрын өвчлөл, нийт хорт хавдрын нас баралтаараа тэргүүлж байна. Зорилго: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаваноны элэгний хавдрын эсийн нүүн шилжилтэд үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн БиоАнагаахын Хүрээлэнг түшиглэн, флаванон (5,2’,3’-тригидрокси-6,7 метилендиоксифлаванон)-ы хавдрын эсийн нүүн шилжилтэнд үзүүлэх нөлөөг in vitro орчинд, эсгүй зурвас үүсгэх аргаар судлав. Судалгаанд элэгний хавдрын эс (HepG2)-ийг сэргээн, тогтворжуулан туршилтыг хийж гүйцэтгэв. Үр дүн: Бид элэгний хавдрын эсийг флаваноны 2.5 мкг/ мл концентрациар 24 цагийн турш үйлчлэн, эсгүй зурвас үүсгэх аргаар шинжлэв. Эсгүй зурвасыг 0.9 мм-ийн өргөнтэй үүсгэсэн бөгөөд HepG2 эс 24 цагийн дараа эсгүй зурваст тархан ургаж эсгүй зурвасын өргөн 0.65 мм байв. Флаваноны 2.5 мкг/мл концентрациар эсэд үйлчлэхэд эсийн нүүн шилжилтийг бүрэн саатуулсан байв. Дүгнэлт: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаванон нь хавдрын эсийн нүүн шилжилтийг саатуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын цэцэрлэгийн насны хүүхдүүдэд наалдуулагч туузын аргаар энтербиозыг илрүүлсэн дүн(2023-05-18); ;О.Мөнхзаяа ;А.Гүрбадам; Үндэслэл: Хүүхдийн хялгасан хорхойтох өвчин (энтеробиоз) нь дэлхий дахинд болон манай улсын хүн амын дунд гельминтээр үүсгэгддэг өвчнүүдээс хамгийн өргөн тархалттай, халдварлалтаараа нэгдүгээрт ордог. Судлаачдын тэмдэглэснээр манай оронд 2008 онд энтеробиозын тархалт 46.55±0.13% байсан бөгөөд уг судалгаанд наалдуулагч тууз болон арчдас авах аргыг хослуулан ашиглажээ. Ялангуяа хүн амын төвлөрөлт ихтэй нийслэлийн цэцэрлэгүүд, цэцэрлэгийн байршил, хүүхдийн тоо, багшийн ажлын ачаалал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрсдэлт хүчин зүйлсийн талаарх судалгааны ажил хомс байна. Зорилго: Улаанбаатар хотын зарим цэцэрлэгийн хүүхдүүдэд энтеробиозыг наалдуулагч туузын аргаар илрүүлэн, эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэхийг зорилоо. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд санамсаргүй түүврийн аргаар 6 дүүргийн 6 цэцэрлэгийн 207 хүүхэд, 70 эмч, багшийг хамруулав. E.vermicularis-ийн халдварыг илрүүлэхдээ наалдуулагч туузыг хошногоны хуниас дээр дарж аваад, хий оруулалгүйгээр нааж, хүүхдийн код, насыг тэмдэглэн, лабораторид микроскопын х100 өсгөлтөөр харж E.vermicularis-ийн өндөг илрүүлэв. Цэцэрлэгийн эмч, багш нараас асуумж судалгаа авч наалдуулагч туузын аргыг практикт нэвтрүүлэх сэтгэл ханамжийг үнэлэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 15% (31)-д хүүхдийн хялгасан хорхойн халдвар илэрсэн (p=0.002) бөгөөд 24 цагийн болон зөөврийн ус хэрэглэдэг, гэр хороолол дунд байрлалтай цэцэрлэгийн 4-5 настай хүүхдүүдийн дунд халдвар хамгийн их байсан. Халдварт өртөх эрсдэлт хүчин зүйлийн судалгаагаар хүүхдийн сурч, амьдарч байгаа орчин, хувийн болон орчны ариун цэвэр, эцэг эхийн анхаарал халамж, цэцэрлэгийн багшийн ачаалал зэрэг нь E.vermicularis-ийн халдварт шууд нөлөөлж байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 15% (31)-д халдвар илэрсэн ба энтеробиозын халдварын тархалтад хүүхдийн сурч, амьдарч байгаа орчин, хувийн болон ахуйн ариун цэвэр, эцэг эхийн анхаарал, цэцэрлэгийн багшийн ачаалал, халдварыг эрт илрүүлээгүй, илрүүлэг шинжилгээнд өвөрмөц болон мэдрэг чанар багатай арга ашигладаг зэрэг нь гол эрсдэлт хүчин зүйлс болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, АШУҮИС-ийн Шүдний их эмч мэргэжлийн оюутнуудын үндсэн мэргэшлийн сонголтод нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлсон дүн(2026-09-15); ; Б.БатбаярҮндэслэл: Төгсөх дамжааны оюутны үндсэн мэргэшлийн чиглэл сонгох шийдвэр нь ирээдүйн мэргэжлийн замнал болон эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн төлөвлөлтөнд чухал ач холбогдолтой. Их Британийн анагаах ухааны сургууль төгсөгчдийн судалгаанд мэргэшлийн сонголт цаг хугацааны явцад өөрчлөгдөж болохыг тэмдэглэсэн байдаг1. Монгол Улсын нүүр ам судлалын салбарт төгсөх дамжааны оюутны мэргэшлийн сонголтын талаарх судалгаа хомс байна. Иймээс оюутнуудын сонирхож буй чиглэл болон сонголтод нөлөөлөх хүчин зүйсийг тодруулах нь сургалтын хөтөлбөр, мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаанд хэрэгцээ шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Шүдний их эмч мэргэжлийн оюутнуудын үндсэн мэргэшлийн сонголтод нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг хийж гүйцэтгэхдээ аналитик судалгааны агшингийн загварыг ашиглан 2026 онд төгсөх дамжааны 136 оюутнаас 111 оюутанг хамруулав (81.6%). Svirko нарын (2013) аргачлалд суурилсан нээлттэй болон хаалттай асуулт бүхий асуумж ашиглав. Нас, хүйс, өмнөх мэргэжил, мэргэшлийн шийдвэрийн байдал, ирээдүйд сонирхож буй чиглэл (хамгийн ихдээ 2), мөн 9 хүчин зүйлийг 3 түвшинтэй Ликертийн үнэлгээгээр (Маш их=2, Бага зэрэг=1, Огт нөлөөлөөгүй=0) үнэлэв. Тайлбарлах статистик, Пирсоны хи-квадрат тест, Спирманы корреляцийг ашиглав. Статистик ач холбогдлын түвшинг p<0.05 байх үед ач холбогдолтой гэж үзэв. Үр дүн: Оролцогчдын 96 (86.5%) нь эмэгтэй, 15 (13.5%) нь эрэгтэй бөгөөд 74 (66.7%) нь 24-26 насны бүлэгт багтав. Нийт 60 (54.1%) нь мэргэшлийн чиглэлээ эцэслэн сонгоогүй, 2-3 сонирхолтой чиглэлтэй байсан бол 37 (33.3%) нь чиглэлээ эцэслэн сонгосон байв. Нүүр амны мэс засал болон нүүр амны гажиг заслыг тус бүр 48 (43.2%) оролцогч дурдсан бөгөөд дараа нь нүүр амны согог засал 25 (22.5%) орсон байна. Хувийн урам зориг, итгэл үнэмшил хамгийн өндөр дундаж үнэлгээтэй (1.58/2.0), гэр бүлийн гишүүдийн шийдвэр, уламжлал хамгийн бага үнэлгээтэй (0.48/2.0) байв. Багшийн заах арга зүй, ур чадвар болон багш нарын харилцаа, хандлагын үнэлгээ хооронд хүчтэй эерэг хамаарал ажиглагдсан (Спирман ρ=0.72). Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан оюутнуудын 54.1% нь үндсэн мэргэшлийн чиглэлээ хараахан эцэслэн сонгоогүй байв. Хувийн урам зориг, итгэл үнэмшил хамгийн өндөр, гэр бүлийн гишүүдийн шийдвэр, уламжлал хамгийн бага дундаж үнэлгээтэй байв. Багшийн заах арга зүй болон харилцаа хандлагын үнэлгээ хооронд хүчтэй эерэг хамаарал ажиглагдлаа. Эдгээр үр дүн нь мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, сургалтын орчин, гардан дадлагын боломжийг цаашид судалж, сайжруулахад ашиглаж болох анхан шатны мэдээлэл юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмэгтэйн нас болон биеийн жингийн индексийг in vitro орчинд өсгөвөрлөсөн үр хөврөлийн зарим үзүүлэлтүүдтэй холбон судалсан үр дүн(2024-11-07) ;Р.Нямсувд; ;Б.Болорчимэг; Үндэслэл: Үргүйдэл нь дэлхий даяар хурдацтай тархаж нийт хүн амын дунд 17.5%, үр шилжүүлэн суулгалтаар төрсөн нийт хүүхдүүдийн тоо 12 саяд хүрээд байгааг судлаачид онцолсон байна. Үргүйдэл нь хувь хүний нөхөн үржихүйн эрүүл мэнд болон гэр бүлийн тогтвортой байдал, нийгэм эдийн засаг, сэтгэл зүйн хувьд сөрөг үр дагавартай асуудал юм. Анагаах ухааны дэвшилтэд арга болох in vitro fertilization (IVF) буюу лабораторийн нөхцөлд үр тогтоох аргаар олон мянган үргүйдэлтэй хосууд хүүхэдтэй болсоор байна. ЭХЭМҮТ-ийн үргүйдэл, нөхөн үржихүйн төвөөр үйлчлүүлж буй үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн дийлэнх нь 35 ба түүнээс дээш настай эмэгтэйчүүд байдаг бөгөөд үр шилжүүлэн суулгах эмчилгээнд эмэгтэйн нас болон биеийн жингийн индекс хэрхэн нөлөөлөхийг судлах нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Эмэгтэйн нас болон биеийн жингийн индексийн үзүүлэлтүүдийг үр хөврөлийн чанартай холбон судлах Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2024/3-03 тоот шийдвэрээр судалгааны ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авсан. ЭХЭМҮТ-ийн Үргүйдэл нөхөн үржихүйн төв (ҮНҮТ)-ийг түшиглэн, үр шилжүүлэн суулгах эмчилгээний заалттай 202 эмэгтэйчүүдийн өндгөвчөөс соруулсан өндгөн эсүүдийг in vitro орчинд өсгөвөрлөн, нийт 1168 өндгөн эсээс, үр тогтсон 839 үр хөврөлийг хамруулав. Судалгааны ажлын үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS-26.0 программ ашиглан, статистик ялгааг р<0.05 утгатай байгаа тохиолдолд статистик үнэн магадлалтай гэж тооцон хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн дундаж нас 35.1±4.6 жил, биеийн жингийн индекс нь дунджаар 24.9±3.2 кг/м2 байв. Оролцогчдын 30% (61) нь анхдагч үргүйдэлтэй, 70% (141) нь хоёрдогч үргүйдэлтэй байлаа. Өндгөн эсийн боловсролтын түвшин эмэгтэйчүүдийн насны бүх бүлэгт ялгаатай байдал ажиглагдаж (p<0.01) байв. Түүнчлэн эмэгтэйн нас ахих тусам бүрэн боловсорсон өндгөн эс (MII) болон боловсорч буй өндгөн эс (MI)-ийн тоо шууд хамааралтай буурч (p<0.001, p<0.013) байв. Харин боловсорч гүйцээгүй өндгөн эс (GV)-ийн тоо 30-34 насанд харьцангуй бага хувийг эзэлж (p>0.827) байлаа. Эмэгтэйчүүдийн биеийн жингийн индекс нь өндгөн эс, үр тогтолт болон үр хөврөлийн A, B, C зэрэглэлд илэрхий нөлөөлгүй боловч D зэрэглэлийн үр хөврөлийн чанарын үзүүлэлтүүдэд статистик ач холбогдол бүхий (p<0.028) нэмэгдүүлж байгаа зүй тогтол ажиглагдлаа. Дүгнэлт: Эмэгтэйн нас ахих нь соруулсан өндгөн эсийн тоо болон in vitro орчинд өсгөвөрлөсөн үр хөврөлийн зарим үзүүлэлтүүдийг бууруулж байна. Биеийн жингийн индекс нэмэгдэх нь чанар муу буюу D зэрэглэлийн үр хөврөл үүсэхэд нөлөөлж байна.
